Меркелийг залгамжлагчийн нэр цар тахлын үеэр тодорсон нь

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-08-08 14:22:42

Коронавирусний цар тахал нь албан тушаалаа шилжүүлэн өгөхөөр зэхэж буй Ангела Меркелийг залгамжлах шинэ хүний нэрийг тодруулж өглөө. Энэ бол Христосын Ардчилсан холбоо/Христосын Нийгмийн холбоо эрх баригч эвсэл дэх /цаашид ХАХ/ХНХ гэх/ ХНХ-ны дарга бөгөөд Бавари мужийн Ерөнхий сайд Маркус Зёдер юм. Харин тэрбээр төрөлх Баваригаасаа явахгүй гэж мэдэгдсээр байгаа боловч түүний энэ үгэнд хүмүүс төдийлөн үнэмшихгүй байна.


Цар тахлын үед А.Меркелийн нэр хүндийн чансаа нь огцом дээшилж, 70 хувиас даваад байгаа хэдий ч тэрбээр ирэх онд тэтгэвэртээ гарна гэсэн шийдвэр дээрээ хатуу зогсож байна.


Эрх баригч ХАХ-ны удирдагчийн албан тушаалд албан ёсоор өрсөлдөж буй гурван нэр дэвшигчээс хэн нь Бундестагийн сонгуулийн дараа намаа төдийгүй засгийн газрыг тэргүүлэх вэ гэдэг таамгийг оны эхнээс л Герман төдийгүй Европ даяар дэвшүүлж байсан билээ. 


Гэвч цар тахал дэгдсэнээр бүх зүйлийг будилаантуулж орхив. Хавраас хойш явуулж буй санал асуулгуудын дүнгээр, Баварийн Ерөнхий сайд, Бавари муж дахь ХНХ-ны дарга Маркус Зёдер канцлерын орыг залгамжлах өрсөлдөөнд итгэлтэйгээр тэргүүлж байна.Телевизийн ZDF компаниас 7 дугаар сард явуулсан Politbarometer төслийн судалгаагаар, германчуудын 64 хувь нь, ХАХ/ХНХ эвслийг дэмжигчдийн 78 хувь нь “дараагийн Канцлер бол Зёдер” гэсэн хариулт өгчээ. 


Зүүн гараас: Армин Лашет, Фридрих Мерц нар 


ХАХ-ны даргын албан тушаалд өрсөлдөж байгаа хүмүүс шууд автоматаар канцлерын суудлын төлөө өрсөлддөг. Зёдерийн өрсөлдөгчид болох бизнес эрхлэгч Фридрих Мерц 31 хувь, Хойд Рейн-Вестфал мужийн засгийн газрын тэргүүн Армин Лашет 19 хувь, Бундестагийн Гадаад хэргийн хорооны дарга Норберт Рётген 14 хувийн дэмжлэг авсан нь Зёдерээс хол хоцорсон гэсэн үг.  


Меркелийн сүүдэрт


Энэ бүх эчнээ өрсөлдөөн нь хөшөө мэт мөнхөжсөн Ангела Меркель гэдэг хувь хүний сүүдэр дор явагдаж байна.

Улс орноо 15 жилийн турш тасралтгүй удирдаж буй 66 настай Меркелиэс сонгогчид залхсан мэт санагдаж байсан бол коронавирус дэгдсэнээр түүний нэр хүндийн чансаа 70 хувьд хүрч, огцом өслөө. Гэсэн хэдий ч Меркель амласан ёсоороо 2021 онд албан тушаалаа өгнө гэж хатуу шийдсэн хэвээрээ. Саяхан нэгэн телевизийн нэвтрүүлгийн үеэр хөтлөгч учир битүүлэг байдлаар “тодорхой нөхцөл байдал үүссэн тохиолдолд, шаардлагатай бол та...” гэж асуухад А.Меркель маш товчхоноор "Nein!" гэж хариулжээ.


Үгүйсгэсээр байгаа нь үнэмшил төрүүлсэнгүй


Үүний сацуу М.Зёдер Баваридаа үлдэх хүсэлтэй гэдгээ, Канцлерын албан тушаалд өөрийн намын хүнээ нэр дэвшүүлэх ХАХ-ны давуу эрхэд халдахгүй гэдгээ батлан хэлсээр байгаа юм.   “Миний байх ёстой газар бол Бавари” гэж Зёдер хэлэх бүрт “энэ хүн ер нь Канцлер болох нь” гэх хэвлэлийнхний итгэл үнэмшил улам лавширсаар байна хэмээн Handelsblatt сонинд дүгнэн бичжээ. 


Зёдер албан тушаал дэвших гэж байгаа тухай яриа дэгдэх сэдлийг тэрбээр өөрөө өгсөн. Өнгөрсөн амралтын өдөр Bild am Sonntag сонинд ярилцлага өгөх үеэр Зёдер ээлжит удаагаа “миний ажиллах газар бол Бавари” гэдэг үгээ хэлснээс гадна “ХАХ/ХНХ эвсэл нь ХАХ ба ХНХ-ны 12 дугаар сард болох бага хурлуудын дараа Канцлерт нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ, гэхдээ тэр даруйдаа биш, магадгүй хавар ч хэлэлцэж болох юм” гэжээ. Нэр дэвшигч гэдэг нь 2021 оны намар болох сонгуульд эвслийг удирдан оролцож, ялсан тохиолдолд Канцлераар сонгогдох хүнийг хэлж байгаа юм.  


Зёдерийн хэлсэн энэ үг нь тэрбээр 12 дугаар сарын бага хурлаас сонгогдох ХАХ-ны шинэ удирдагчийг засгийн газрын тэргүүний албан тушаалд автоматаар өрсөлдөх хүн гэж үзэхгүй байгаагаа битүүхэн ойлгуулсан хэрэг гэж Германы хэвлэлүүд дүгнэжээ.  


“Нэг талаас харвал, тэрбээр 2023 оны намар Баварид болох сонгуулийн дараа Баварийн Ерөнхий сайд хэвээр үлдэхийг хүсэж байгаа. Нөгөө талаас, хэрвээ тухайн үед ХАХ-ноос нэр дэвшигчийн ирээдүй бүрхэг байх аваас тэрбээр Канцлерт нэрээ дэвшүүлэхээс татгалзах нь юу л бол. Тэгэхээр Зёдер цаг хожиж, ХАХ-ны шинэ удирдагчид канцлераар сонгогдох боломж бий юү гэдгийг тандаж байгаа болов уу” гэсэн таамгийг Германы гол сонинуудын нэг болох “Frankfurter Allgemeine Zeitung” дэвшүүлжээ.  


Зёдерийн нэр хүнд өсөхөд түүний хувийн шинж чанараас гадна цар тахал нөлөөлсөн. “Коронавирустэй холбоотой хямрал эхэлсэн үеэс л Зёдер Германы хамгийн нэр хүндтэй улстөрчдийн нэг болж хувирсан юм. Тэрбээр сургуулиудыг хааж, мэргэжлийн хөлбөмбөгийн багуудын тоглолтуудыг зогсоох зэргээр цар тахлын эсрэг маш богино хугацаанд шийдвэртэй арга хэмжээ авч, товч тодорхой мэдэгдлүүд хийж байсан учраас бусад мужийн удирдагчид түүний жишээг дагахаас аргагүйд хүрсэн. Тэдний дотор Германы хамгийн олон хүн амтай муж болох Хойд Рейн-Вестфалийн захирагч /ерөнхий сайд/, Меркелийг залгамжлахаар өрсөлдөж буй Армин Лашет нар бий” хэмээн Deutsche Welle дүгнэжээ.   


Путиныг ойлгохыг уриалагч биш


Оросын талаарх хандлагын тухайд М.Зёдер бусад улстөрчдөөс өөр хүн. ХНХ-г өмнө нь удирдаж байсан Хорст Зеехофер, Эдмунд Штойбер нараас ялгаатай нь гэвэл, тэрбээр "Putinversteher" буюу “Путиныг ойлгохыг уриалагчид”-ын эгнээнд ороогүй. Тухайлбал, Зеехофер гэхэд, Крымын асуудлаас үүдэн Оросын эсрэг авсан хоригийг буруушааснаараа А.Меркелийн эсрэг өөрийгөө сөргүүлэн тавьж, түүний гадаад бодлогыг эсэргүүцдэг гэдгээ зориуд санаатайгаар илэрхийлсэн байна.


Харин Зёдерийн хувьд, ХАХ ба Меркелийн үнэнч холбоотны хувиар өөрийн хандлагыг илэрхийлдэг. Тэрбээр 1 дүгээр сард Путиний урилгаар Москвад зочилж, Путин, Собянин нартай уулзжээ.


Штойбер, Зеехофер нараас ялгаатай нь, Зёдер Оросын талаарх өөрийн байр суурийг тулгадаггүй бөгөөд Москвад хийх айлчлалынхаа нарийн ширийн зүйлүүдийг А.Меркелийн засгийн газартай зөвшилцөж, Берлиний явуулж буй бодлогын хүрээнд, урьдаас төлөвлөсний дагуу үг хэлж байлаа. “Бид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байна, харин үүний тулд Москва хандлагаа өөрчлөх ёстой”.


“Нормандын үйл явц, Ливийн асуудал, Берлинд гарсан аллагыг мөрдөн шалгахад хамтран ажиллах зэрэг улс төрийн асуудлыг шийдэх нь бидний цаашдын хамтын ажиллагаа өргөжихөд тус дөхөм болно хэмээн би найдаж байна” гэж Зёдер Кремльд Путинтэй уулзах үеэрээ хэлжээ.


Тэрбээр Путинтэй сайн харилцаатай ХНХ-ны хүндэт дарга Штойберг-ийг Москва руу дагуулж яваагүй болохыг Германы хэвлэлийнхэн анзаарсан байна. Өмнө нь Зеехофер, Штойбер хоёр Орос руу үргэлж хамтдаа явдаг байжээ.  

Зүүн гараас: Э.Штойбер, Х.Зеехофер, М.Зёдер нар 


Москвагийн эсрэг хоригийг цуцлахыг Зеехофероос гадна ХАХ-ны улстөрчид болох Саксон мужийн Ерөнхий сайд Микаэль Кречмер, Хойд Рейн-Вестфалийн Ерөнхий сайд Армин Лашет нар уриалж байв.


Зёдер Москвад байхдаа Путинээс гадна хотын дарга С.Собянинтай уулзсан байна. Мөн тэрбээр хүний эрхийг хамгаалагчидтай уулзсан аж.


Залгамжлагчаа удтал хайсан нь


2021 оны намар болох ээлжит сонгуульд намаа удирдаж оролцохгүй гэж мэдэгдсэн Ангела Меркель уржнан жилээс хойш залгамжлагчаа хайж байгаа юм.

Эхлээд Меркель намын даргын албан тушаалд Аннегрет Крамп-Карренбауэр-ыг нэр дэвшүүлэхдээ 2021 он гэхэд энэ эмэгтэй улс төрийн буурь сууж, улмаар канцлерт өрсөлдөж чадна гэж тооцоолжээ. Гэвч жилийн дараа Крамп-Карренбауэр намын нөхдөө манлайлах нэр хүндтэй удирдагч болж чадахгүй нь гэдгээ ойлгов. Иймээс намын даргын сонгуулийг дахин зарлалаа. 


Намын даргын сонгуульд өрсөлдөн улмаар засгийн газрын тэргүүн болохоор Фридрих Мерц шийджээ. Тэрбээр 2000-аад оны эхээр нам дотроо Меркельтэй өрсөлдөж байсан хүн юм. Түүнээс гадна Умард Рейн-Вестфали мужийн засгийн газрын тэргүүн Армин Лашет, Бундестагийн гадаад харилцаа эрхэлсэн хорооны дарга Норберт Рётген нар нэрээ дэвшүүлсэн байна. Гэвч сонгууль 4 дүгээр сарын 25-ны өдөр намын их хурлын үеэр явагдах ёстой байсан боловч цар тахлын улмаас 12 дүгээр сар хүртэл хойшилжээ. 


Санал асуулгуудаас дүгнэлт хийхэд, цар тахал дэгдэж, сонгуулийг хойшлуулсан нь Мерц, Лашет нарт хохиролтой тусахаар харагдаж байна. Халдварт өвчин, эдийн засгийн гүнзгий хямралын эсрэг дахиад олон сарын турш тэмцэл хийх гэж буй Герман ба Европ дахинд олон зүйл өөрчлөгдөх бололтой


Б.Адъяахүү 

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/news-53652430

Холбоотой мэдээ