Наранбулаг сумын малчин Б.Ууганбар Тувагийн ард иргэдэд 50 хонь хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-07 18:34:38

Увс /МОНЦАМЭ/. Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн харьяат, аймгийн аварга малчин Зөөд овогт Баттулгын Ууганбаяр тавин хонио коронавирусний халдвар тархаад байгаа ОХУ-ын Тува улсын ард иргэдэд зориулан хандивлахаар болсон байна.

Тодруулбал, коронавирусний халдвар дэлхийн 200 гаруй оронд тархаж, хагас сая гаруй хүн хорвоогийн мөнх бусыг үзээд байгаа энэ гамшигт тахлын үед Увс аймгийнхан, тэр дундаа Наранбулагчууд мөнхийн хөрш болох ОХУ, БНХАУ-ын ард иргэдэд зориулан халуун сэтгэлийн хандиваа өргөсөөр байна.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 5-ны өдөр Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн харьяат, аймгийн аварга малчин Зөөд овогт Баттулгын Ууганбаяр ОХУ-ын Тува улсын ард иргэдэд зориулж тавин хонь хандивласан байна. Энэхүү баярт мэдээг Тува Улсын Засгийн газарт уламжлахыг тус сумын ЗДТГ-аас аймгийн удирдлага болон гадаад харилцааны мэргэжилтэн О.Саруул, тус улсад суугаа элчин сайд Ч.Ганболд нарт уламжилжээ. 

Ташрамд дурдахад Дэлхийн хоёрдугаар дайны үед өөрийн эд хөрөнгөөр тусалсан “Фронт” Бадам, нэгдэлжих хөдөлгөөнийг дэмжин Пионер нэгдлийг 10 гаруй мянган толгой малаа өгч байгуулж байсан 20-р зууны Монголын манлай баян Хошууд овогт Бөөрийн Иргэл, ковид-19 халдварт өвчний үед мөнхийн хөрш Хятад улсад 100 хонио хандивласан Монгол Улсын залуу аварга малчин Зөөд овогт Дүүдэйгийн Балжинням нар Наранбулаг сумынх юм. Наранбулагчууд хүмүүнлэгийн үйлсэд хэзээ ч манлайлагч гэдгээ ийнхүү улсад дөрөв дэх удаагаа харуулаад байна. 

Холбоотой мэдээ