Хотын ногоон бүсэд орсон малыг хашиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-07 18:39:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын алба, НААҮГ-аас жил бүр бүх нийтээр мод тарих аян өрнүүлэн нийтийн эзэмшлийн зам талбайг зүлэгжүүлэн гоёлын болон мандлын цэцгийг гаргаж, хотын өнгө үзэмж ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ажилладаг. 

Гэвч мал бүхий иргэдийн хариулгагүй мал, ногоон байгууламж бүхий газарт орох, хот тохижилтын ажлуудад удаа дараалан хохирол учруулж байна.
Иймээс хотын ногоон байгууламжийн бүсэд нэвтрэн орж, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эвдэн сүйтгэсэн мал бүхий иргэдийн малыг хаших ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар Нийтийн аж ахуй үйлчилгээний газар зохион байгуулж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар мал хаших түр хашаанд 35 адуу, 25 үхэр хашигдсан байна. Эдгээр малын эздэд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай ажээ. Тиймээс хотын ногоон бүсэд мал бэлчээхгүй байхыг албаны дээрх газруудаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ