Цар тахлын үед сонгууль явуулах туршлагаа хуваалцахыг Киргизийн тал хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-07 14:46:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд хатагтай К.Д.Бактыгуловатай өчигдөр цахимаар ярилцав. 


Цахим уулзалтын үеэр цар тахлын амаргүй цаг үед харилцан туршлага, мэдээлэл солилцох, Монгол, Киргизийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Киргизийн талаас хоёр улсын Засгийн газар хоорондын Комиссын хүрээнд ярьж тохирсон ажлыг урагшлуулах, улс төрийн яриа хэлэлцээ, салбар яамд хоорондын ажлын хэсгийн уулзалтыг нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг санал тавив.



Монгол Улс “COVID-19“ цар тахлын онцгой нөхцөл байдалд парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулсан туршлагаас хуваалцахыг киргизийн тал хүслээ. Мөн Киргизийн парламентын ээлжит сонгуулийг энэ оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан манай Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагыг ажиглагчаар оролцохыг урив.

Холбоотой мэдээ