Нутгийн иргэд, нөхөрлөлийн идэвх санаачилгыг түшиглэн ойг хамгаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 12:41:32

“Бүх нийтээр мод тарих өдрүүд”-ийн хүрээнд Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. БОНХАЖЯ-аас таван аймгийг сонгон ой мод бүхий сумдад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавьсны нэгэнд Өвөрхангай аймаг багтсан юм.

Мөн энэ үеэр “Ойн ашиглалтад ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, сум дундын ойн ангийн оролцоо” сэдэвт аймгийн зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Сайдын зөвлөх А.Цолмон болон тус яамны мэргэжилтнүүд, аймгийн удирдлагууд, аймгийн БОНХАЖГ-ын хамт олон, ой бүхий 9 сумын 52 ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн 9 байгууллага, аж ахуйн нэгж, байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 4 ТББ, ой бүхий сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид, зэрэг 100 гаруй хүн оролцлоо.

Зөвлөлгөөнөөр нутгийн иргэдэд түшиглэсэн ойн менежментийг боловсронгуй болгоход төрөөс баримтлах бодлого чиглэл, Монгол орны ойн менежментийн асуудал, ойжуулалт, арчилгаа цэвэрлэгээний талаар мэдээлэл өгч, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн чадавхийг дээшлүүлэх талаар хэлэлцэн загвар ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны туршлага, сургамжийг хуваалцсан юм.

Зөвлөлгөөнд Ойн ахмад инженер, доктор профессор Д.Энхсайхан урилгаар оролцож гэрийн модны бэлтгэц үйлдвэрлэх зорилгоор бургас модыг тарималжуулж ашиглах боломж нөхцөл, бургасны плантаци байгуулах технологи, агротехникийн зөвлөмж илтгэлийг тавьлаа.

Монгол оронд ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах явдал тулгамдсан асуудал болж байгаа бөгөөд ойн сан нь төрийн өмч гэдэг утгаар эзэнгүйдэж, хяналт зохицуулалтгүй ашиглаж байгаагаас үүдэн ой устаж, ойн талбай хумигдсаар байгааг зөвлөгөөний үеэр санал нэгтэй дурдаж байв. Монгол Улсын төрөөс байгаль хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлого үйл ажиллагааг нутгийн иргэд, нөхөрлөлийн идэвх, санаачилгад түшиглэн хөгжүүлэх бодлого барьж байгаа бөгөөд тухайлбал байгалийн нөөцөөс нутгийн иргэдэд орох орлогыг нэмэгдүүлэх замаар тэдний байгалиа хамгаалах, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах сонирхол, санаачилгыг өрнүүлэх эрхзүйн орчинг бүрдүүлж байгаа аж.

Зөвлөлгөөний төгсгөлд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үйлсэд амжилтай ажиллаж байгаа зарим хүмүүсийг Засгийн газрын болон яамны шагналаар шагнан урамшууллаа.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ