Эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-06 13:51:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн компани, ААН, байгууллага зэрэг хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ ирэх оны нэгдүгээр сарын 1-ны дотор багтаан харьяалагдах улсын бүртгэлийн байгууллагад хандан бүртгүүлсэн байхыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхааруулжээ.

Тодруулбал, энэ талаар Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан. Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэхдээ УБЕГ-ын даргын өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны А/1327 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /УБ-12 маягт/-ийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөхийг сануулжээ.


УБЕГ-ын Тамгын газрын мэргэжилтэн Э.Мөнхзул, "Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хууль болон Татврын ерөнхий хуулийг шинэчлэгдэн баталсантай холбоотойгоор хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч, анхны өмчлөгч, үүсгэн байгуулагч, удирдах зөвлөл, ТУЗ-ийн дарга, гишүүн зэрэг эрх бүхий этгээдийг бүртгэдэг болсон"-ыг онцоллоо. 

Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 190 мянга гаруй хуулийн этгээд бүртгэгдээд байна. Эдгээр хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2020 ондоо багтааж бүртгүүлэх шаардлагатайг улсын бүртгэлийн байгууллагаас анхааруулж байна. 

Т.Энхтогтох

Холбоотой мэдээ