"Урт цагаан"-ы барилгын дахин төлөвлөлтөд тэргүүлсэн зураг төслийг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-04 14:03:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн өмчийн III байр болох “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг  төсөл боловсруулах уралдаанд “Эм Жи Эл И Эн Си” ХХК-ийн ирүүлсэн бүтээл 89.4 оноогоор шалгараад байна.

Уг зураг төсөл нь "Урт цагаан"-ыг Улаанбаатар хотын машингүй, анхны гудамж байхаар төлөвлөж, тус барилгын анхны үндсэн загварыг шингээсэн, нийслэл хотын өмнөх үе, орчин цаг болон ирээдүйг давхар илэрхийлсэн, 7 давхар, албан байраас гадна автомашины бүрэн зогсоолтой, үзвэр, үйлчилгээ бүхий цогцолбор төв байхаар төлөвлөжээ. 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн "Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг нийслэлээс иргэд олон нийтийн дунд өнгөрсөн 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 11-нийг хүртэл зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн юм.

Ирсэн бүтээлүүдийг уралдааны удирдамжийн дагуу 5-6 дугаар сард нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны http://uda.ub.gov.mn/?p=8150 цахим хуудсаар дамжуулан иргэд олон нийтээс саналыг авсан билээ. Ийнхүү шалгаруулах баг болон олон нийтээс хамгийн их 55.823 санал авсан бүтээлээр “Эм Жи Эл И Эн Си” ХХК-ийн ирүүлсэн зураг төсөл шалгараад байна.

Барилгын зураг төслийн уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай зохион байгуулсан юм.






Холбоотой мэдээ