Эрүүл мэндийн байгууллагын барилгыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нийцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-08-03 10:58:00

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын төлөөллүүдтэй өнөөдөр уулзав.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах ажлыг үе шаттайгаар төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ. Тухайлбал, шинээр ашиглалтад орох эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж болон хуучны барилга байгууламжийг шинэчлэн сайжруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээнд нийцүүлэх ажлыг нэн тэргүүний зорилтод тусгаад байна. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусгай хэрэгцээт үйлчилгээг хүртээмжтэй хүргэх бүхий л талаар анхаарна” хэмээв.


Эрүүл мэндийн салбар нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, цаашдын хөгжилд нөлөө үзүүлэх чухал салбар. Гэхдээ эдгээр иргэдэд өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн үйлчилгээ авахад тулгамдсан олон асуудал байдаг. Тэдэнд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй бөгөөд хөгжлийн бэрхшээлээс хамаарч нэмэлт хэрэгцээ үүсч байдаг. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын хөнгөлттэй үнээр авах эмийн жагсаалтад эдгээр иргэдийн тогтмол ууж хэрэглэдэг зарим эм, тариа, тос бичигдээгүй. Эмнэлгээр үйлчлүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд заавал хэн нэгний тусламж хэрэгтэй болдог. Тэдний тусгай хэрэгцээнд зориулсан орчин нөхцөл, боломж одоогоор эрүүл мэндийн салбарт нэвтрээгүй байна. Тусгай хэрэгцээтэй зарим бүтээгдэхүүн хилээр оруулахыг хязгаарласны улмаас ховордож, үнэ нэмэгдэж байна хэмээн төрийн бус байгууллагын төлөөллүүд Эрүүл мэндийн сайдад уламжилсан юм.

Холбоотой мэдээ