Туршилтын сүүлчийн шат буюу вакцины төлөөх өрсөлдөөн ширүүссэн нь

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-07-29 19:22:04

Цар тахлын оргил үе эхлээгүй бөгөөд коронавирусний халдварын хоёрдахь давлагаа дэгдэнэ гэдгийг ДЭМБ анхааруулсаар атал  ард иргэд хөл хорионоос залхаж, олон улс оронд хорио цээрийн дэглэмээ сулруулсаар байна. Үүний улмаас халдвар авсан, нас барсан өвчтөнүүдийн тоо өссөөр байгаа ийм эгзэгтэй үед хүмүүсийг хэвийн амьдралд нь буцааж оруулж чадах цорын ганц хэрэгсэл бол вакцин юм.


Хүн төрөлхтөн шинэ төрлийн халдварт өвчинтэй тулгарах бүрт оношлуур бүтээх, эм, вакциныг бусдаас урьтан гаргаж авахын төлөө ширүүн өрсөлдөөн өрнөдөг нь жам ёсны үзэгдэл болжээ.


Өнөөдөр хэн нь түрүүлж коронавирусийн эсрэг вакцин гарган авах вэ гэсэн геополитикийн өрсөлдөөн ид дундаа өрнөж байна. Үүнд нийгэм, эдийн засаг-санхүү ба улс төрийн учир шалтгаанууд бий. Эдийн засгийн үүднээс харвал, хамгийн түрүүнд вакцин бүтээж чадсан улс орон хамгийн ихээр мөнгө олох боломжтой. Улс төрийн талаас нь авч үзвэл, вакциныг хамгийн түрүүнд бүтээх нь тухайн улсын хувьд хөгжлийн түвшин, нөөц боломжоо дэлхийн дахинд харуулах боломж билээ.


ДЭМБ-ын Ерөнхий захирал Т.А.Гебреисусын ярьснаар, өнөөдөр дэлхий даяар CoVid-19-ийн халдвараас сэргийлэх 141 төрлийн вакциныг туршиж байгаагаас БНХАУ, АНУ, Их Британи, ХБНГУ, Австрали, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, ОХУ, Канадын 25 лабораторид эмнэлзүйн туршилтыг хийж байна.


ДЭМБ-ын тэргүүний үзэж байгаагаар, вакцин гарган авах үйл явц удааширч буй нь хэд хэдэн шалтгаантай болой.


Нэгдүгээрт, коронавирусийн омгуудыг /штамм/ судлах ажиллагаанд хүндрэл учирч байна. Шинэ штаммууд нь халдвар тархахад нөлөөлдөггүй гэж эрдэмтдийн зарим нь үзэж байгаа бол CoVid-19 –ийн шинэ хувилбарууд нь өвчний тархалт төдийгүй халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг улам дордуулдаг гэж дүгнэж буй судлаачид бий. 

Хоёрдугаарт, вирусний халдвараас төгс сэргийлж чадах эм түүхэнд хэзээ ч гарч байгаагүй. Эболаг эмчилдэг, дархлалын олдмол хомсдолын вирусийн идэвхжлийг сааруулдаг эмнүүд нь зарим цөөн тохиолдолд л коронавирусний халдварыг эмчлэхэд тохирч байна.

Гуравдугаарт, аливаа вакциныг гарган авах үйл явц маш удаан үргэлжилдэг. Тухайлбал, Эбола вирусийн эсрэг rVSV-ZEBOV вакциныг гарган авах судалгааны ажил бүр 2015 онд эхэлж, үр дүн нь хангалттай сайн байсан хэдий ч уг вакциныг борлуулах зөвшөөрлийг Европын Холбоо 4 жилийн дараа өгч байв.


ДЭМБ-аас хамгийн сүүлд буюу 7 дугаар сарын 24-нд өгсөн мэдээллээр бол, коронавирусийн халдварын эсрэг 166 төрлийн вакциныг гарган авахаар ажиллаж байгаагаас 141 вакциныг амьтан дээр туршиж байгаа бол 25 төрлийн вакцин эмнэлзүйн туршилтын шатанд байна. Эдгээр 25 вакцинаас 6-г нь эмнэлзүйн сүүлчийн шат буюу гуравдугаар шатны туршилтанд оруулжээ.

Гэсэн хэдий ч вакциныг 2021 оны дунд үеэс л дэлхий даяар өргөнөөр хэрэглэж эхэлнэ гэдгийг ДЭМБ-ын Ерөнхий захирлын Хөтөлбөр хариуцсан орлогч Сумия Сваминатан онцлон дурдлаа. Учир нь, эмнэлзүйн туршилтын 3 дахь үе шат дуусч, тухайн вакцин аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдсаны дараа л вакцин үйлдвэрлэх зөвшөөрлийг өгдөг. Үүний зэрэгцээ вакциныг бөөнөөр үйлдвэрлэхийн тулд үйлдвэрийн дамжлагуудыг өөрчлөн зохион байгуулах гэсэн нэлээд ярвигтай асуудал үүснэ.


Хэдхэн сарын дараа вакцин бэлэн болох гэж байгаа боловч тухайн вакцин нь халдвараас бүрэн хамгаалж чадна гэсэн баталгаа байхгүй бөгөөд вакцин тариулсны дараа бий болсон дархлаа хэр удаан хадгалагдах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Эмнэлзүйн сүүлчийн шатны туршилтанд орсон тухайн вакцины үр дүнтэй, аюулгүй байх магадлал 10 хувьтай гэж үзвэл дээрх 25 вакцинаас 2-3-ыг нь хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой.


Ингээд шинжлэх ухаан-технологийн салбарт тэргүүлэгч улс орнуудад вакцин гарган авах үйл явц хэрхэн өрнөж буйг товчхон сонирхуулъя.                                                                                                                            

АНУ: Вакцин гарган авахын тулд дэлхий даяар асар их мөнгө хөрөнгө хаяж байна. Тухайлбал, Д.Трампын засгийн газар гэхэд 2 тэрбум гаруй долларыг Америкийн болон Европын эм үйлдвэрлэгч компаниудад олгожээ.  “АНУ дахь 89 судалгааны төвд коронавирусийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилтын 3-р үе шат эхэлж, түүнд 30 мянган хүн оролцоно” гэдгийг дэд Ерөнхийлөгч М.Пэнс мэдэгдлээ. Түүний хэлснээр, Америкийн “Moderna” компани бүр 3 дугаар сард вакцин гарган авахаар ажиллаж эхэлсэн байна. Тус компанийн Ерөнхий захирлын ярьснаар, туршилтанд сайн дураараа оролцсон 45 хүнд дархлаа бий болсон нь ихээхэн найдлага төрүүлж байгаа ажээ.

Moderna-гаас гадна Америкийн Merck, Novavax, Pfizer гэсэн 3 компани вакцин бүтээхээр ажиллаж байна. Үүний сацуу Трампын засгийн газар Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж буй Их Британи-Шведийн хамтарсан “AstraZeneca” компанид 1,2 тэрбум доллар олгожээ.                                                                                                                                                                                      

Гэхдээ зөвхөн мөнгө байлаа гээд асуудал шийдэгдэхгүй. Судалгааны төвүүд, өндөр түвшинд мэргэшсэн эрдэмтэн судлаачид, вакцин гарган авах үйл явцыг хамгийн үр дүнтэйгээр зохион байгуулах, үүссэн асуудлуудыг шуурхай шийдвэрлэж чадах бүтэц хэрэгтэй.


Өрсөлдөөн сүүлийн өдрүүдэд улам ширүүсч, вакцин гаргах авах судалгааны ажлын нууцыг хулгайлахын тулд Их Британи, АНУ, Канадын судалгааны байгууллагуудын компьютерийн систем рүү кибер халдлага үйлдэж байна хэмээн барууныхан Орос, Хятад хоёрыг буруутгах болов. Тэр ч бүү хэл Блүүмбэрг агентлагийн мэдээнд дурдсаныг үзвэл, оросууд туршилтын вакцинаа бүр 4 дүгээр сард гарган авсан бөгөөд түүнийг нь Оросын дээд зиндааныхан нууцаар хэрэглэдэг гэнэ.


ОРОС УЛС: АНУ, Их Британи, Хятад гурав вакцин гарган авах талаар тэргүүлж байсан бол сүүлийн өдрүүдэд Оросын эрдэмтэд тэдний эгнээнд орж ирлээ.


Тус улсын БХЯ-наас мэдээлснийг үзвэл, Ковид-19-ийн вакцины эмнэлзүйн туршилт амжилттай явагдаж дуусчээ. Вакциныг гарган авах ажлыг БХЯ болон Н.Ф.Гамалейн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд хамтран гүйцэтгэсэн байна. Вакцины эмнэлзүйн туршилтад оролцсон сайн дурынханд ямар ч зовиур, гаж нөлөө илрээгүй бөгөөд бүгдэд нь коронавирусийн эсрэг дархлаа бий болжээ. Ингэснээр Оросын анхны вакцин үндсэндээ бэлэн болж, улсын бүртгэлд бүртгүүлэх л үлдлээ гэсэн үг.


Үүнээс өмнөхөн Оросын Ерөнхий сайд М.Мишустин хэлэхдээ, тус улсад хоёр төрлийн вакциныг сүүлчийн шатанд туршиж байгаа бөгөөд энэ оны намар гэхэд бэлэн болно хэмээн мэдэгдэж байсан юм. Харин тус улсын ШУА-ийн Ерөнхийлөгч А.Сергеевийн ярьснаар бол, 2021 оны эхээр Оросын иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхлэх ажээ.


Вакцин бий боллоо гэхэд хамгийн түрүүнд олон хүнтэй харьцдаг эмч нар, цэргийнхэн, хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон нийтийн тээвэр, нийтийн хоолны салбарынхныг вакцинжуулалтад хамруулна. Үүний дараа архаг хууч өвчтэй хүмүүст вакцин тарих нь зүйтэй гэж Оросын ШУА-ийн гишүүн, вирус судлаач В.Зверев үзэж байна.


Зүй нь бол, хамгийн түрүүнд хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах ёстой боловч одоо туршиж буй вакцинууд нь бүгд насанд хүрэгчдэд зориулагдсан ажээ. Тэгээд ч эдгээр вакцин аюулгүй гэдэг нь яг таг батлагдаагүй учраас хүүхдүүдэд тарьсны дараа гаж нөлөө ихээр үүсэх эрсдэлтэй бий.  Харин хүүхдийн вакциныг гарган авсан тохиолдолд түүнийг архаг өвчтэй хүүхдүүдэд тарих нь зүйтэй бөгөөд эрүүл хүүхдүүд халдварыг амархан давж гарах учраас тэдэнд тарих шаардлагагүй ажээ.


ЕВРОП ТИВ: Сүүлийн хэдэн долоо хоногт тэргүүлэгч улс орнуудын эрдэмтэд вакцин бүтээх тал дээр амжилт олсон гэдгээ зарласаар байгаа билээ. Тэдгээрийн дотроос “Vaccitech Ltd” компанитай хамтран вакцин гарган авахаар ажиллаж буй Оксфордын их сургуулийн эрдэмтдийн судалгаа анхаарал татаж байна. Тэдний хийсэн клиник туршилтын явцад өвчтөнүүдийн биед эсрэг биетүүд үүссэнээс гадна коронавирусээр халдварлагдсан эсүүдийг устгадаг Т эсүүдийн тоо нэмэгдсэн байна.


Гэхдээ зарим хүмүүст халуурах, толгой өвдөх, бие сулрах шинж тэмдгүүд илэрсэн бол харин вакциныг хоёр тунгаар тариулсан хүмүүст ямар ч гаж нөлөө илрээгүй ажээ. ChAdOx1 nCoV-19 гэдэг нэртэй уг вакциныг тариулснаар эсрэг биет ялгарахын сацуу Т эсийн тоо нэмэгдсэнээр коронавирусний эсрэг дархлаа удаан хугацаанд хадгалагдах боломжтой. Өмнө нь хийсэн судалгаагаар, өвчтөний биед үүссэн эсрэг биетийн хэмжээ 3 сарын дараа багасч эхэлнэ гэсэн дүгнэж байсан бол Оксфордын вакцин үүнийг өөрчилж чадна. Одоо уг вакциныг дээр дурдсан Их Британи-Шведийн хамтарсан AstraZeneca компани үйлдвэрлэхээр зэхэж байна.

Үүний сацуу Их Британийн эрх баригчид нийт 90 сая тун вакцин нийлүүлэх гэрээг Pfizer («Пфайзер»), BionNTech («БайоНТек»), Valneva («Валнева») гэсэн 3 компанитай байгуулжээ. Тэдгээрээс эхний 2 компани нь вакцин үйлдвэрлэх зөвшөөрлөө энэ оны 10 дугаар сард аваад оны эцэс гэхэд 100 сая ширхэгийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Францын “Валнева” компани 60 сая тун вакциныг Англид нийлүүлэх гэж байгаа бол дээр дурдсан AstraZeneca компани 100 саяыг үйлдвэрлэх аж.


Ийнхүү судалгаа шинжилгээ, туршилтын ажлууд амжилттай явагдаж буйд урамшсан Ерөнхий сайд Борис Жонсон “Зул сарын баяр гэхэд британичууд бид хэвийн амьдралдаа эргээд орчихсон байх болно” гэж амласан бол Их Британийн The Spectator сэтгүүлд бичсэнээр оны эцэст амьсгалын замын халдварт өвчний оргил үе тохиох учраас Ерөнхий сайд хэт өөдрөг дүгнэлт хийжээ”.   


ХЯТАД УЛС: Вакцин гарган авах тал дээр БНХАУ дэлхийд тэргүүлж байна гэж ажиглагчид үзжээ. Одоогоор 3 дахь шатны туршилтанд ороод буй 20 гаруй төрлийн вакцинаас 8-ыг нь Хятадын эрдэмтэд гарган авахаар ажиллаж байгаа юм. Тухайлбал, CanSino Biologics гэдэг компани Бээжингийн Биотехнологийн хүрээлэн, Хятадын Ардын Чөлөөлөх армийн Цэргийн анагаах ухааны академитай хамтран вакцин бүтээж байна.

6 дугаар сарын эхээр уг туршилтын вакциныг Хятадын армийн албан хаагчид хэрэглэж эхэлсэн гэх мэдээлэл бий. Харин тухайн вакцин аюулгүй гэдгийг эцэслэн тогтоосны дараа л иргэдийг вакцинжуулалтад хамруулах аж. Зарим мэдээллээс үзвэл, Хятадын Sinovac Biotech компани Бангладеш, Бразил улсад эмнэлзүйн 3 дахь шатны туршилт хийж байна.


Хамгийн сүүлийн мэдээллээр, БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх Төвийн захирал Гао Фу туршилтын журмаар коронавирусний вакцин тариулсан нь вакцин хэрэглэхийг олон нийтэд хандан уриалсан үйлдэл байлаа.


Вакцины үнийн боломжит хувилбарууд 


Тэрбумтан Билл Гейтс, түүний эхнэр Мелинда нарын 2000 онд байгуулсан “Bill and Melinda Gates Foundation” сангаас санхүүждэг Вакцин ба дархлаажуулалтын дэлхий дахины холбоо /Global Alliance for Vaccines and Immunisation буюу GAVI / мэдэгдсэнийг үзвэл, коронавирусний эсрэг вакцины нэг тунгийн үнэ нь өндөр хөгжилтэй орнуудад 40 доллароос хэтрэхгүй аж. Өнгөрсөн 6 дугаар сард болсон Вакцины асуудлаарх дэлхий дахины дээд хэмжээний цахим уулзалтын үеэр буурай хөгжилтэй улс орнуудыг вакцинаар хангахад чиглэсэн олон улсын санхүүгийн шинэ механизмыг бий болгож, үүнд зориулан GAVI-гаас 2 тэрбум доллар гаргахаар шийдвэрлэжээ.

Харин Оросын “Biocad” биотехнологийн компанийн ерөнхий захирал Д.Морозовын таамаглаж байгаагаар, Ковид-19-ийн эсрэг вакцины анхдагч хувилбаруудын үнэ нь ханиад ба хачигт энцефалит өвчний эсрэг вакцины үнэтэй ойролцоо, өөрөөр хэлбэл 1500 орчим рубль /20,7 доллар/ байх ажээ. Яваандаа үйлдвэрлэх тоо хэмжээ нэмэгдэх учраас эрэлтээс шалтгаалан үнэ буурах бүрэн боломжтой. 


Гэтэл Америкийн “Moderna” компанийн үйлдвэрлэх гэж буй вакцины үнэ 50-60 доллар гэсэн мэдээлэл Financial Times сонинд гарсан байна. Харин Pfizer, BioNTtech хоёр вакцинаа 19,5 доллароор борлуулахаар төлөвлөж байгаа аж. Үүний сацуу “AstraZeneca” компанийн санал болгож буй үнэ үүнээс хамаагүй хямд буюу ердөө 3-4 доллар байгаа нь хачирхалтай.


Түүнчлэн Их Британи, Италийн эрдэмтдийн хамтран гаргаж авсан, 9 дүгээр сард үйлдвэрлэж эхлэх гэж буй вакцины нэг тун нь 2-3 еврогийн үнэтэй. Италийн биотехнологийн Irbm компанийн захирлын ярьснаар, 1000 өвчтөнд амжилттай туршсан уг вакциныг ирэх оны 1 дүгээр сараас чөлөөтэй борлуулж эхлэх ажээ.


Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ