Б.Батцэцэг: Бийрээр бичих нь оюун ухааны бясалгал болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-29 15:41:41

Төв /МОНЦАМЭ/. Уламжлалт бичиг соёлоо эрхэмлэн дээдэлж сурч, хойч үедээ өвлүүлэх ёстой. Уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, хүний дотоод сэтгэлийн мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм. Тиймээс хойч үеийнхэнд монгол бичгийн өв соёлыг түгээж яваа багш нарын нэг Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр сургуулийн Монгол хэл бичгийн багш Б.Батцэцэгтэй уулзаж ярилцлаа.

- Та манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Намайг Баттүшигийн Батцэцэг гэдэг. Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн айлын дунд охин. Одоо Зуунмод сумын дөрөвдүгээр сургуульд Монгол хэл бичгийн багшаар ажиллаж байгаа. Би 10 жилийн сургуулиа Улаанбаатар хотод Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийг дүүргээд 2001-2011 онд МУБИС-ийн монгол хэл бичгийн ангид элссэн орж  2015 онд сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд төрөлх нутагтаа ирж мэргэжлээрээ ажиллаж амьдарч байгаа. Би 2014 онд гэр бүлийн ханьтайгаа танилцаж хоёр хүүхдийн эцэг эх болсон. Гэр бүлийн хүн маань Зуунмод сумын уугуул бөгөөд цэргийн хүн. Танкийн буудагч мэргэжилтэй 016-р ангид мэргэжлээрээ ажиллаж байгаа.

-Мэргэжлээ хэрхэн сонгож байв? Мэргэжлийнхээ онцлогийг дурьдвал?

-Би бага байхдаа зураг зурах сонирхолтой зураг их зурдаг байсан болохоор дизайнер болох хүсэл мөрөөдөлтэй байсан ч 6 дугаар ангиас Монгол бичгийн хичээл орж эхэлсэн. Тэр үеэс л монгол хэл бичгийн багш болох мөрөөдлийн эхлэл тавигдсан гэж боддог. Монгол хэл бичгийн багш маш сайхан мэргэжил. Миний хувьд бийрээр бичих нь хүний өдөр тутмын амьдрал, ааш араншинд ихээхэн нөлөөлдөг нэг төрлийн бясалгал болж өгдөг гэж хэлж болно. Түүнчлэн эрт дээр үеэс Монголчууд үр хүүхдээ тайван дөлгөөн,  тэвчээртэй, нухацтай болгохын тулд бийрийн эрдэмд сургадаг байсан уламжлалтай байсан гэдэг. 

-Анх бийрэн бичих санаа хэзээ төрж байв, бичиж эхлээд хэдэн жил болж байгаа вэ?

-Бийрэн бичгийг анх МУБИС-д суралцаж байхдаа гуравдугаар курсийн оюутан байхдаа 2013 онд Хөх хотруу оюутан  солилцоогоор гурван сарын хугацаатай явж байсан. Тэнд суралцаж байхад бийрэн бичгийг хичээл ордог байсан. Тэр үеэс эхлэн бийрэн бичгийг илүү ихээр сонирхож  бийрэн бичгийг илүү хөгжүүлэхээр Бичиг соёл боловсрол төвд явж эхэлсэн. Нэг жилийн хугацаанд суралцсан өдгөө долоон жил гаруй суралцаж байна. Цаашдаа ч суралцсаар байх болно.

-Бийрэн бичгийн онцлог юу вэ?

-Бийрээр бичихэд хүмүүсийн өдөр тутмын амьдралыг сонирхолтой болгохоос гадна урлаг гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлдэг төдийгүй хүнийн сэтгэлгээний цар хүрээг тэлж, илүү хөгжүүлж өгдөг. Нэг бүтээл хийхдээ бодож сэтгэж хийдэг.  Ер нь уран бичлэг бийрийн эрдэмд суралцахаас эхэлнэ гэж бодож явдаг.  Тиймээс оюуны тэсвэр хатуужил олгох хамгийн чухал зүйл бол бийр. Бийрээр бичихэд тухайн хүнээс тэсвэр тэвчээр анхаарал нямбай байдал шаарддаг. Өөр зүйл бодож харж бичнэ гэж хэзээ ч байхгүй. Бийрээр бичих нь орчин үед оюун санааны бясалгал гэж боддог.

-Бийрэн бичиг бусад бичгээс ялгаатай зүйл?

-Бийр бэх нийлж өөрөө урсаж байдаг зүйл. Мөн өргөлт, даралт, цохилт гэж байдаг. Үүнийг өөрийн мэдрэмжэээр бичдэг.  Бийрэн бичгээр бичихэд удаан хугацаанд сууж бичдэг болохоор маш их тэвчээр шаарддаг.  Үндэсний бичгээ бусдад таниулахаас гадна хүний дотоод сэтгэлимйн торгон мэдрэмжийг хөглөж байдаг. Уран бичлэгийг бичихдээ олон янзаар бичиж үзэж сэтгэж чадсанаараа хүний сэтгэлгээний цар хүрээ тэлдэг. Маш их төвлөрч сууж бүтээлүүдээ туурвидаг

-Таны хамгийн анхны бүтээлийн  талаар ярилцъя?

-Бийрэн бичиг сурснаасаа хойш Соёлын биет бус өвийг хадгалж явахын тулд  анх монголын нууц товчоог бүрэн эхээр нь бичсэн. Мөн Үлэмжийн чанар дууны үгийг маш олон удаа бичсэн. Үлэмжийн чанар 5 бадаг 25 мөртэй дууны үг байгаа. Үлэмжийн чанар дууны үгийг нэг удаа уншихад мянган тарни уншссантай тэнцдэг гэдэг болохоор энэ бүтээлээ бичих их дуртай  хүмүүс их бичүүлдэг.

-Тэмцээн уралдаанд оролцдог уу?

- Өөрийнхөө чадварыг сорихоор байнга оролцохыг хичээдэг. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан, Төв Сайхан бичигтэн уралдаан гэх зэрэг тэмцээнд оролцдог.


-Бүтээл хийж байхад бэрхшээл байдаг уу? Бүтээлээ хэр удаж байж гаргадаг вэ?

-Мэдээж байлгүй яахав. Нэг бүтээл эхлээд дунд нь алдвал засварлах боломжгүй. Тиймээс маш хянуур, төвлөрч сууж бүтээлээ хийх хэрэгтэй.  Ер нь бол бүтээл бүхэн өөр өөрийн онцлог дахин давтагдашгүй байх ёстой гэж үздэг. Тиймээс ямар бүтээл бичих гэж байгаагаас шалтгаалаад цаг хугацаа нь өөр өөр байдаг. Ойролцоогоор 2 цаг бичдэг. Миний хувьд 2013 оноос эхлэн бийрэн бичигт шамдан суралцаж одоогоор 3000 гаруй бүтээлтэй болсон байна. 

Та бүтээлээ үнэлж худалддаг уу?

-Анх сонирхлоороо бичиж эхэлсэн учир өөрийгөө их голдог байсан учир захиалга авдаггүй байсан. Жилээс жилд багагүй сайжирч жигдэрч эхэлсэн учир хааяа эргэн тойрны хүмүүс бичүүлэх хүсэлтийн дагуу бичиж өгч эхэлсэн. Үүнээс хойш захиалга авч эхлээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Ихэвчлэн цахимаар захиалгаа авдаг болсон.

-Цахимаар захиалга авахаар газар газраас хүмүүс холбогддог байх. Хамгийн холын захиалга хаанаас байв?

-Миний захиалагчдын дийлэнх хувийг Улаанбаатар хотоос захиалдаг. Мөн орон нутгаас захиалдаг. Тиймээс орон нутгийн унаанд тавьж өгдөг. Хамгийн хол нь Солонгос улсаас холбогдож байсан.

-Таны бүтээл бүрт зураг зурсан нь байгаа нь илүү их чимэж өгсөн харагдаж байна. Зургийг нь хэн зурдаг вэ?

-Бүтээлийн зургаа би өөрөө зурдаг. Багаасаа зураг зурах дуртай болохоор үүнийгээ бийрэн бичигтэй хослуулсан. Бичиг зургаа маш сайн төсөөлж бодож бүтээлээ хийдэг. 

-Бийрэн бичиг сонирхож байгаа залуусдаа хандаж зөвөлгөө хүргэвэл?

-Бийрийн эрдэмд суралцсан бичгийн эрдэмд суралцсан нэг үгийг 10 мянган удаа бичиж байж сайн бичээч болдог. Тиймээс бийрэн бичгээр сайхан бичихийг хүсвэл сэтгэл оюун, тэсвэр тэвчээр хослуулан суралцахыг зөвлөж байна.

-Танд баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ