Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 16-нд зогсооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-27 13:54:40

Увс /МОНЦАМЭ/. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 16-ны өдөр зогсоох юм байна. Тодруулбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг энэ оны 10-р сарын 15-ны өдөр байхаар тогтоосонтой холбоотойгоор ийм шийдвэр гарчээ.

Энэ хүрээнд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс сонгогчдын нэрсийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг нэг бүрээр нь нэгтгэн гаргаж, өөрийн цахим хуудаст байршуулж дууссан байна. 

“Орон нутгийн сонгуулийн тухай хуульд “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Уг заалтын хүрээнд иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх 8-р сарын 16-ны өдөр зогсоож, 10-р сарын 16-ны өдөр сэргээх юм. Энэ хуулийн дагуу манай байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө өөрийн цахим хуудаст байршуулах ёстой бөгөөд одоогоор бид энэ ажлыг хийж дуусаад байна. Хэрвээ иргэд, сонгогчид сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ хянахыг хүсвэл санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгах боломжтой” хэмээн аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсийн дарга Р.Отгонбаяр хэлэв. 

Холбоотой мэдээ