BBC: Монголын Руни

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-07-25 18:20:27

ЛОНДОН. /BBC/. Монголд өвлийн хүйтэн хийгээд харанхуй өглөөний цагаар нэгэн өсвөр насны хүү гэрээсээ гарч, өтгөн утаан дундуур сургуулийн зүг явлаа.


Энэ үед өглөөний 06:00 цаг болж байх бөгөөд гадаа хасах 20 хэмийн хүйтэн байх ажээ. Нийслэл Улаанбаатар хотын захад байрладаг 107 дугаар сургууль үүд хаалгаа нээхэд хоёр цаг дутуу байгаа боловч Батболдын Очироод түлхүүр бий.


14 настай тэрбээр биеийн тамирын заалны хаалгыг өөрөө нээн ороод, гэрлийг нь асаан ганцаараа сургуулилалт хийж эхэллээ.



Хүү бөмбөгөө хана руу өшиглөж, эргэн ойход нь дахин өшиглөн бэлтгэлээ хийнэ. Мөн гүйж, харайж, хөлсөө гаргах бөгөөд бага багаар сайжирсаар байх ажээ.


Цаг 08:00-д дөхөх үед хүү хувцсаа солин заалнаас гарч, хичээлдээ сууна. Гэвч тэрбээр ангидаа байхдаа ч хөлбөмбөгийн тухай мөрөөдсөөр байна.


Хүү хөлбөмбөгийн тамирчин болохыг, хилийн чанадад тоглохыг хүсдэг. Тэрбээр алдартай тамирчин болохыг мөрөөддөг бa ядаж л өөрийнхөө нэртэй өмсгөлтэй болохыг хүснэ.


Гайхамшигтай үйл явдал болж, тун удалгүй түүнд нэгэн санал ирлээ. Гэвч энэ нь түүний төсөөлж байсан шиг байсангүй.



Очироогийн гэр бүл түүнийг таван настай байхад нь Төв аймгаас Улаанбаатар луу нүүжээ. Аймгийн оршин суугчдын хувьд ийнхүү нүүх нь түгээмэл байдаг бөгөөд нийслэл хотод илүү их боломж бололцоо бий.


Очироогийн гэр бүл хотод нүүж ирсэн бусад айлын нэгэн адил гэр хороололд суурьшиж, гэрээ барьжээ.


Хөлбөмбөг нь Монголд голлох спортын төрөл биш бөгөөд тус улсын уур амьсгалд танхим дотор хичээллэдэг спортын төрөл илүү тохирдог тул ихэнх хөвгүүд бөх, сагсан бөмбөгөөр хичээллэнэ.


Харин өсвөр насны хүү Очироогийн хувьд “PlayStation”-ээр “FIFA” тоглоно. Өөрөөсөө ах найзуудаасаа “Манчестер Юнайтед” клубийн талаар сонссоноосоо хойш хүү хөлбөмбөг сонирхох болжээ.


Мөн Уэйн Руни шиг болохыг мөрөөдөн бэлтгэл хийж эхэлжээ. Өвөл болоход, Очироо сургуулийн жижүүртэй ярилцсанаар биеийн тамирын заалны түлхүүрийг аваад, өглөө бүр сургуулилалтаа хийх боллоо.


Энэхүү явдлаас хоёр жилийн дараа тэрбээр нэгэн багт элсэж, мөн нэгэн зэрэг телевизийн шоунд оролцжээ.



Монголын нэгэн бизнес эрхлэгч Б.Энхжинг хүүхэд байх үед сагсан бөмбөг гол спортын төрөл байв. “Бид “Чикаго Буллс” багийн Майкл Жорданыг шүтэн биширдэг байлаа” гэж 37 настай Энхжин ярьжээ.


“Харин, намайг хөлбөмбөгийн хорхойтон болоход “Челси” клубийг шүтэн биширдэг аав минь нөлөөлсөн. Тэдний үед Зөвлөлтийн нөлөө асар их байсан” гэж тэрбээр хэлэв.


Энки Монголын хөлбөмбөгийн талаар дүрэлзсэн хүсэл эрмэлзлэлтэй байсан боловч урам нь хугарчээ. Тэрбээр залуу тоглогчдод боломж байхгүй гэж бодсон бөгөөд шүтэн бишрэгчид ч Английн “Премьер лиг”-ийг илүүд үзжээ. “Үнэнийг хэлэхэд, хэн ч сонирхоогүй” гэж тэрбээр хэлсэн байна.


Тиймээс 2013 онд өөрийн баг болох “Баянгол ФС”-ийг байгуулжээ. Түүнд тусламж шаардлагатай байсан тул Английн иргэн, хөлбөмбөгөөс ангид улс болох Микронезид дасгалжуулагч хийж байсан талаараа ном бичсэн Пол Уатсонтой гэрээ байгуулжээ.


“Намайг ийм юм хийж чадах галзуу хүн гэдгийг тэрбээр мэдэж байсан” гэж Пол ярьжээ.


Полыг Монгол Улсад 2013 оны 10 дугаар сард ирсний дараа клубт шинэ тоглогчдыг элсүүлэх сонгон шалгаруулалт явуулжээ. Уг үйл ажиллагааг “Мөрөөдлийн баг” телевизийн шоунд зориулан дүрсжүүлжээ.


Сонгон шалгаруулалтад орсон тоглогчдын нэг нь Очироо байв. Тэрбээр хамгийн авьяастай нь байгаагүй ч Энки, Пол нарт түүний хандлага таалагдсан байна. Нэгэн өглөө тэд Очироог 06:00 цагт сургуулилалт хийдэг эсэхийг харахаар 107 дугаар сургуулийг зорьжээ.


“Бид өтгөн утаа бүрхсэн, тэсгим хүйтэн өглөө сургууль дээр очтол Очироо танхимд ганцаараа хана руу бөмбөг өшиглөж, сандал дээр харайж байсан. Би энэ явдлыг огт мартахгүй” хэмээн Энки ярьсан байна.


Тэд шийдвэрээ гаргаж, 16 настай Очироог багт элсүүлснээр тэрбээр шоунд оролцжээ.



“Баянгол” баг амжилттай байлаа. Тэд 2015 онд Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснийхээ дараа Монголын Үндэсний дээд лигт дэвшжээ. Харин баярын ширээнд сууж байсан хүн бүхэн жаргалтай байсангүй.


“Очироо бусадтайгаа огт юм ярихгүй байсан” хэмээн Пол дурсан хэлжээ. Тухайн үед л тэрбээр өөрт нь юу тохиолдсон талаар аминчлан ярьсан байна.


АНУ-д төвтэй нэгэн агент Очироотой “Facebook” хаягаар нь холбогдож, АНУ-ын томоохон баг болох “Лос-Анжелес Галакси”-гийн сонгон шалгаруултад оруулах санал тавьжээ. Уг агент түүнээс 6000 ам.долларын хураамж шаардсаныг Очироо өгчээ.


“Тэрбээр агентийг ор сураггүй болсон талаар яриад, яагаад гэдгийг нь мэдэхгүй байгаагаа хэлсэн. Харин бид бол юу болсныг ойлгосон” гэж Пол ярьсан байна.


“Агентийг анх холбогдох үед Очироо Полоос зөвлөгөө авахыг хүсжээ. Гэвч тиймэрхүү хүмүүс тоглогчдод хандан, энэ талаар хэнд ч, ялангуяа клубийнхэндээ хэлж болохгүй хэмээн ятгадаг бөгөөд хэрэв тэдэнд хэлбэл, чамайг явуулахгүй гэдэг” гэж Пол хэлжээ.


“Очироо залилуулсан байсан. Түүгээр ч зогсохгүй, гэр бүлийнхэн нь гэрээ барьцаалан зээл авсан байсан тул орон гэргүй болж болзошгүйд хүрсэн. Үнэнийг хэлэхэд, тэд бүх зүйлээ дэнчин тавьсан байсан” гэж Энки ярьжээ.



Энэ үйл явдлаас хойш өдгөө таван жил өнгөрсөн бөгөөд Очироогийн хэлснээр, “цөхрөл” түүнийг залилангийн хохирогч болгоход хүргэсэн байна.


“Надад тусалж чадах хэнд ч хамаагүй би итгэхийг хүссэн. Энэ шийдвэрийг сэтгэл хөдлөлдөө автан гаргасан” гэж тэрбээр ярьжээ.


Зоогийн газарт дээрх явдлын талаар ярилцсаны дараа тэд Полын гэр лүү явжээ. “Очироо өөрт нь юу болсон талаар нэгд нэгэнгүй ярин уйлж байсан. Маш харамсалтай явдал тохиолдсон байсан” гэж Пол хэлсэн байна.


Залилан хийсэн этгээд мөнгийг нь авснаасаа хойш Очироотой харилцахаа больжээ. Гэвч тэрбээр, өөр нэгэн тоглогч Лос-Анжелесийн багийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байсан талаар ярьсан бөгөөд түүнийг мөнгөө хараахан өгөөгүй байгаа тул залилагч этгээд холбоотой байгаа гэж хэлжээ.


Пол уг тоглогчтой ярьж, залилагч түүнд хариу өгсөн хэдий ч маш хянамгай нэгэн байжээ. Пол Лос-Анжелес дэх нэгэн хаягийг олж, цагдаа нарт мэдүүлсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй байна.


Товчоор хэлбэл, мөнгө ор сураггүй алга болжээ.


Хуурамч агентийн залиланд Очироо ганцаараа өртөөгүй бөгөөд ийм явдал маш олон гардаг тул “FIFPRO” тоглогчдын холбоо энэ талаар байнга анхааруулдаг байна.


Гэсэн хэдий ч энэ бүхэн Очироо болон түүний гэр бүлийнхнийг тайтгаруулсангүй. “Энэ явдал маш хүнд цохилт болсон. Бодит биш юм шиг л санагдаж байсан” гэж тэрбээр ярьжээ.


Хэдийгээр магадлал бараг байгаагүй боловч Пол мөнгөө эргүүлэн авахад нь Очироод туслахаар шийджээ.


“Очироо бол хайрлахаас өөр аргагүй тийм хүүхдүүдийн нэг. Түүнчлэн өөр хэн ч байсан биднийх шиг клубтэй болбол тоглогчдынхоо өмнө маш өндөр үүрэг хүлээх хэрэгтэй болно” гэж Пол ярьжээ.


Пол хандив босгохоор шийдэж, Монгол хүүгийн “амьдралыг өөрчилсөн” алдагдлыг нөхөхөд туслахыг хөлбөмбөгийн нийгэмлэгээс хүсжээ. Тус нийгэмлэг хариу өгсөн бөгөөд мөнгө бага багаар цугларсаар байжээ.


Очироогийн түүх Лондоны “Evening Standard” сонинд гарч, Пол “TalkSport's Hawksbee”, “Jacobs show” зэрэг нэвтрүүлэгт оролцсоны дараа хандив бүрэн цугласан бөгөөд Монгол дахь “Манчестер Юнайтед” клубийн хөгжөөн дэмжигчид ч мөн тусламж үзүүлсэн байна.


Очироо гэртэйгээ үлдэж чадлаа. Гэсэн хэдий ч тэрбээр хөлбөмбөгөө орхих талаар бодох болжээ. Эдгээр үйл явдлын дараа юу болов?



“Залилуулсны дараа би бүх итгэл найдвараа алдсан. Гэвч хандив цугларч, тусалж дэмжсэн хүмүүсийн хэлсэн үг надад дахин урам зориг төрүүлсэн” хэмээн Очироо ярьжээ.


Итгэл найдварын гал дахин ассанаар Очироо “Баянгол” багийнхантайгаа 2016 оны Монголын Үндэсний дээд лигт оролцсон боловч баг нь доод лиг рүү улирсан байна.


Түүнчлэн “Баянгол” 2017 онд доод лигт тавдугаарт жагссаны дараа багийн бүрэлдэхүүн таржээ. Энэ явдал Очироогийн хувьд карьерийнх нь төгсгөл мэт санагдаж байлаа.


Гэвч 2018 оны улирлыг гэмтлийн улмаас алгассан Очироо “Улаанбаатар Сити” хэмээх шинэхэн, чинээлэг багтай гэрээ байгуулжээ. Энэхүү баг нь Монголдоо тоглогчдоо цалинжуулдаг 5-6 багийн нэг байжээ. 2019 онд тэд Монголын Үндэсний дээд лигт аваргалжээ.


Очироо хоёр долоо хоногийн өмнө Монголын Супер цомын тоглолтод оролцжээ. Коронавирусний халдвар намжих үед “Улаанбаатар Сити” баг пан-Азийн “AFC Cup” тэмцээнд хүчээ сорино.


Энэхүү тэмцээн нь Английн Премьер лиг биш, мөн тэрбээр “Манчестер Юнайтед” багт хүчин зүтгээгүй хэдий ч түүний нэр аваргуудын өмсгөлийн ард бичигдэх болжээ. 



“Энэ бол гайхалтай түүх. Аливаа улс орны хамгийн шилдэг багт тоглоно гэдэг амаргүй даваа. Тэрбээр хүйтэн зааланд ханатай харьцан ганцаараа бэлтгэл хийдэг байсан. Энэ түүх бусдад урам зориг өгнө. Зөвхөн залилангийн хохирогч болсон хүүхдүүдэд төдийгүй өчүүхэн бага боломж бололцооноос өсөж хөгжиж болдгийг тэрбээр харуулсан. Өөрийн орныхоо хамгийн шилдэг багт тоглоно гэдэг бол маш онцгой үйл явдал” гэж Пол ярьжээ.


Очироо буюу Вазза хилийн чанадад хийгээд эх орныхоо нэрийн өмнөөс тоглохыг мөрөөдсөн хэвээр. 107 дугаар сургуулийн зааланд ганцаараа бэлтгэл хийж байснаас хойш олон зүйл өөрчлөгдсөн хэдий ч түүний хүсэл эрмэлзэл огтхон ч өөрчлөгдөөгүй байна.


“Өнгөрсөн хугацаанд надад тусалсан хүн бүрт талархлаа илэрхийлмээр байна. Би та бүхний итгэлийг алдахгүйн төлөө бүхий л чадлаараа хичээх болно” хэмээн тэрбээр хэлээд, мэргэжлийн тамирчин, аварга, хөлбөмбөгчин болохоор бэлтгэлээ үргэлжлүүлэхээр явлаа. 



Холбоотой мэдээ