Коронавирусээр халдварласан иргэдийн 17 хувьд нойр булчирхайн үрэвсэл илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-17 13:02:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын эрдэмтэд коронавирусний халдвар авсан иргэдийн 17 хувьд нойр булчирхайн хөнгөвтөр үрэвсэл үүсч байгааг тогтоожээ. Энэ талаар ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн тус яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын  үеэр мэдээллээ. 


Мөн тэрээр, “Итали улсын эрдэмтэд коронавирусний хоол боловсруулах эрхтэнд үзүүлэх нөлөөг судалсан. Нийт өвчтөний 8.5 хувьд  нойр булчирхайн үрэвсэл илэрсэн бөгөөд эдгээр иргэд архаг хууч өвчингүй, архи тамхи хэрэглэх зэрэг амьдралын буруу хэвшилгүй учир эрдэмтэд коронавирус нойр булчирхайг гэмтээдэг хэмээн үзэж байна” гэв.  


Индонезийн эрдэмтэд  коронавирус болон артерийн даралт ихсэх өвчний хамаарлыг судалжээ. Судалгааны багийнхан 6560 өвчтөнөөс 30 удаагийн асуумж авч, дүн мэдээг нэгтгэсэн байна. Цусны даралт ихдэх өвчинтэй иргэд коронавирусээр халдварласан бусад өвчтөнөөс биеийн байдал хүндрэх, нас барах эрсдэл хоёр дахин их, эдгэрэх хугацаа гурав дахин урт байгааг тогтоожээ. 


АНУ-ын Харвардын их сургууль болон Австралийн Монашын их сургуулийн хамтарсан баг хандлага зан байдлын судалгаа хийжээ. Судалгаанд оролцсон АНУ-ын 4042 иргэний 79.5 хувь нь шаардлагагүй тохиолдолд гэртээ байдаг,  74.1 хувь нь олон нийтийн газар амны хаалт зүүдэг хэмээн хариулжээ. Харин коронавирусний тархалтыг хязгаарлах бодлого тохиромжтой биш хэмээн судалгаанд оролцогчдын 84.3 хувь үзсэн байна. 


Испани улсын эрдэмтэд хөл хорионы үед иргэдийн хооллолт хэрхэн өөрчлөгдөж байгааг судалжээ. Цар тахлын үед иргэдийн хүнс цуглуулах давтамж буурсан боловч, худалдан авалт хийдэг газар өөрчлөгдөөгүй байна. Иргэд эрүүл мэндээ дэмжих зорилгоор паста болон хүнсний ногоо түлхүү худалдан авчээ. Мөн самар, бяслаг, шоколад зэрэг сэтгэл санаа дэмжих бүтээгдэхүүн борлуулалтаараа хоёрдугаарт орсон аж. Харин загас, далайн гаралтай бүтээгдэхүүний эрэлт эрс буурсан байна.


И.Даваадорж 

Холбоотой мэдээ