АНУ-ын Засгийн газар коронавирустэй холбоотой мэдээллийг нэгтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-16 12:24:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д бүртгэгдэж буй коронавирусний өвчлөл, нас баралтын тоон дүнг Засгийн газрын Эрүүл мэнд, хүн үйлчилгээний департмент төвлөрүүлэн нэгтэж байх шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Доналд Трамп гаргажээ. Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 


Үүнээс өмнө АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн бүх тоон үзүүлэлтийг нэгдсэн улсын хэмжээнд Өвчний хяналт сэргийлэлтийн төв гаргадаг байжээ. 


АНУ-д өнгөрсөн 24 цагт  60 мянга  900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 773 хүн эндлээ. Ийн нийт халдвар авсан хүн тоо 3 сая 416 мянга болж, 135 мянга 900 гаруй хүн эндлээ. Бразил улсад 39 мянга 900 мянга гаруй хүн коронавирусээр халдварлаж, 1233 хүн амь насаа алдлаа. Ийн нийт халдвар авсан хүний тоо 1 сая 966 мянга гаруй болжээ. 


Австрали улсад өчигдөр 61 мянга гаруй шинжилгээ хийхэд, 259 шинэ тохиолдол илрүүлжээ. Шинэ тохиолдлын 238 нь Викториа мужид бүртгэгдсэн байна. Казакстан улсад сүүлийн 24 цагийн дотор 1759 иргэн коронавирусээр халдварлаж,  батлагдсан тохиолдол 63 мянга 500 боллоо.  


Япон улсад 24 цагийн дотор 288 шинэ тохиолдол бүртгэгдсэний  280 нь нийслэл Токио хотын иргэн байна.  Мөн БНСУ-д 61 шинэ тохиодол бүртгэгдсэн бөгөөд 47 нь гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ. 


БНХАУ-ийн  дотоодын шинэ тохиодол бүртгэгдээгүй бөгөөд засаг захиргааны онцгой бүс Хонконгод 19 шинэ тохиолдол бүртгэгджээ. Эдгээр шинэ тохиолдлын 14 нь хүн амын дундах халдвар тул сургуулиудыг хааж, зай барих дэглэмийг мөрдүүлж эхэлсэн аж. Тус бүс нутагт нийт 1588  тохиолдол бүртгэгдэж, 10 хүн эндсэн байна.  


И.Даваадорж

Холбоотой мэдээ