Абэ Шинзо үерт нэрвэгдсэн мужид очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-07-13 18:13:12

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас үерийн гамшигт нэрвэгдсэн Күмамото мужид очжээ. Тэрбээр Өөрийгөө хамгаалах хүчний нисэх онгоцоор даваа гаргийн өглөө “Kagoshima” нисэх буудалд газардаж, Күма тосгонд очсон байна.


Күмa тосгонд “Senjuen” ахмад настнуудын асрамжийн газрын ойролцоох гол үерлэсний улмаас 14 хүн амиа алдсан юм. Абэ Шинзо асрамжийн газрын байрны өмнө зогсож, амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлсэн байна. Уг асрамжийн газрын ажилтан гамшгийн тухай болон учирсан хохирлын талаар түүнд тайлбарлажээ.


Мөн Ерөнхий сайд Күма тосгоны байгалийн гамшгийн уршгийг арилгах газарт зочилж, тосгоны дарга Мацүтани Койчи, Күмамото мужийн захирагч Кабашима Икүо нартай уулзжээ. Тэд бүс нутагт учирсан хохирлыг барагдуулахад санхүүгийн тусламж үзүүлэхийг хүссэн байна.


Үүний хариуд Абэ Шинзо Засгийн газар “Күма” гол үерлэснээс үүдэлтэй хохирол болон замуудыг түргэн шуурхай засна гэж амлажээ. Мөн тэрбээр нүүлгэн шилжүүлсэн иргэдийг түр байраар хангах шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ хэмээгээд, Засгийн газар орон нутгийн засаг захиргаадтай хамтран чадах бүхнээ хийнэ гэж нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ