Аймгийн баяр наадмын зарим уламжлалт үйл ажиллагааг цуцалжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-07-09 15:07:50

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулсны 2229, Ардын хувьсгалын 99, Өвөрхангай аймаг байгуулсны 89 жилийн ойн баяр наадам 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр болно.

Хэдийгээр энэ сарын 10-ны өдөр хурдан морьдын уралдаан, үндэсний шагайн болон сурын харвааг эхлүүлэх ч коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх арга хэмжээг авч, наадмын нээлт, хаалтын ажиллагааг 11-ний өдөр багтаах аж. Улсын онцгой комисс, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу Ерөнхий сайд асан Т.Намнансүрэн, П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөх болон цэргийн хүрээний байгууллагуудын парад, “Дээлтэй Өвөрхангай”, урлагийн тоглолт, худалдаа наймаа зэрэг уламжлалт үйл ажиллагааг цуцалсан байна. Гэсэн ч наадамчдад зориулж цөөн тооны хуушуурын гэр ажиллуулахаар болжээ.

Баяр наадмын үйл ажиллагааг ард иргэдэд нээлттэй явуулах ба хүн бүр амны хаалт зүүж ирэхийг сануулж байгаа юм. “Төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, дэг журмыг сахиж, онцгой шаардлагагүй тохиолдолд талбайгаар холхихгүй, сэлгүүцэхгүй байхыг зөвлөж байна” хэмээн аймгийн Баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, хурандаа М.Дэлгэрсайхан хэллээ. Энэ жил баяр наадмаар 128 бөх барилдаж, зургаан насны морь уралдах аж.

Холбоотой мэдээ