А. Мөнхгэрэл: Бэлдсэн багш нар маань баярлаад уйлаад ярьсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-07 10:19:05

Төв /МОНЦАМЭ/. 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 2-5-нд амжилттай боллоо. Энэ жилийн хувьд Төв аймгийн Жаргалант сумаас математикийн шалгалтаа 99,89 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо авсан сурагч тодров. Ийнхүү Жаргалант сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч А.Мөнхгэрэлтэй ярилцлаа. 

-Сайн байна уу? Энэ жилийн ЭЕШ-д математикийн хичээлээр 99,89 хувь гүйцэтгэлтэйгээр 800 оноо авчээ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу, Намайг Алтангэрэлийн Мөнхгэрэл гэдэг. Би Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн М.Чанцалмаа багштай 12А ангийг төгсөж байгаа.  Аав, ээж, ахын хамт төрөлх сумандаа амьдардаг.
-ЭЕШ өгөхөд хэр сандарсан бэ?
.

-Маш их сандарсан. Гэхдээ шалгалт эхлэхээс цаг орчмын өмнө шалгалт авах ангид оруулж байгаа нь сандралаа дарж тайвшрахад их тусалсан.

-ЭЕШ-дээ хэр удаан бэлдсэн бэ? Шалгалтад бэлдэж байхад чамайг хамгийн их дэмжиж урамшуулсан хүмүүсийнхээ талаар дурсахгүй юу?

-3 дугаар сараас эхэлж бэлдсэн. Шалгалтад бэлтгэхэд гэр бүл, математикийн багш О.Лхагвадулам, англи хэлний багш Ц.Уранчимэг, физикийн багш М.Отгонтуяа, ангийн багш М.Чанцалмаа нар маань их тусалсан. Энэ бүх хүмүүстээ маш их баярладаг шүү.

-Энэ жил хөл хорионы улмаас хичээл ороогүй. Шалгалтад бэлдэхэд хэр хүндрэлтэй байсан бэ?  
-Төгсөх ангийнханд давтлага өгөх хүртэл хэцүү байсан. Хөл хорионы улмаас
 танхимын сургалт явуулаагүй учир үзээгүй хичээлтэй холбоотой мэдэхгүй зүйл гарч байсан. Гэхдээ онлайнаар багш нараасаа зөвлөгөө тусламж авч байсан.

-Анх оноогоо харахад юу гэж бодогдож байв?

-Маш их баярласан. Оноогоо хараад л ээждээ хэлээд дараа нь шууд багш руугаа залгаж баярласнаа хэлсэн. Багш нар маань ч их баярласан байсан.

-Математикийн хичээл чамд юу өгсөн бэ?

-Бүтээлч сэтгэлгээ, аливаа зүйлийг олон талаас нь эргэцүүлэн бодох чадвар, хурдан шийдвэр гаргах зэрэг маш олон сайн чанаруудыг надад бий болгож өгсөн.

-Шалгалтаа өгснийхөө дараа эргэлзсэн бодлого бий юү?

-Шалгалтаа өгөөд гарч ирээд эргэлзсэн бодлого байсан тул багшаасаа асуусан.

-ЭЕШ-ын ямар ямар шалгалтыг хэр амжилттайгаар өгсөн бэ?

-Би энэ жил 3 хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдсэн. Бэлдсэн хичээлүүдийн шалгалтдаа математик 800 оноо, англи хэл 743 оноо, физик 721 оноо тус тус авсан.

-800 оноо авсан тухайгаа хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?

-Хамгийн түрүүнд ээждээ хэлсэн. Ээж маань их баярлаж, намайг үнссэн. Дараа нь багш нартаа хэлсэн. Бэлдсэн багш нар маань баярлаад уйлаад ярьсан.

-Багшийнхаа талаар ярихгүй юу?

-Математикийн хичээлдээ сонирхолтой болох, суралцах арга барил гээд бүхий л зүйлийг 6-р ангиас хойш зааж зөвлөж, чиглүүлж өгсөн математикийн багшийг маань О.Лхагвадулам гэдэг. Математикийн олон уралдаан тэмцээнд оролцоход үргэлж зааж сургаж зөвлөгөө өгч байсан маш мундаг багш.

-Ямар аргачлалаар давтвал чамд илүү хялбар байдаг вэ?

-Өмнөх онуудын ЭЕШ-ын материал дээр ажиллаад мэдэхгүй зүйлээ бичиж тэмдэглэх, мөн томьёоны дэвтэр гарган бүх томьёогоо тэмдэглээд явбал дараа нь харахад ч амар байдаг.

-Математикийн хичээлийн даалгавар чиний хувьд хэр хүнд байсан бэ?

-Миний бодлоор өмнөх онуудыг бодвол геометрийн бодлого их байсан хэдий ч тэдгээр нь томьёоны хувиргалт хийж бодох биш шууд хэрэглэж болохоор бодлогууд байсан учир илүү хялбар байсан.

- Ямар мэргэжлээр суралцахаар төлөвлөсөн бэ?

- Би нисэхийн холбооны инженер болох сонирхолтой. Онгоц хараад онгоцны дарга болно гэж боддог байсан. Их сонирхолтой мэргэжил шиг санагддаг.

-Хайртай хүмүүсдээ дамжуулах сэтгэлийн үгээсээ хуваалцаач?
-Намайг өдий зэрэгт хүргэсэн аав, ээж, эмээ, ах дүү нартаа маш их баярлалаа. Мөн үргэлж тусалж дэмждэг сургуулийнхаа бүх багш ажилчиддаа маш их баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ