Батцагаан дуганд иргэдийн айлтгалыг авч, их танхимд хурал ном хурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-03 17:29:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэр болон нийслэлээс гаргаж буй саналын дагуу сүм хийд, кино театр зэрэг үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээж эхлээд байна. Үүний дагуу Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд иргэд сүсэгтэн олныг хүлээн авч, аврал даатгал одуулах, эргэл мөргөл хийх боломж бүрдээд байна. 

Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн тамгын ламын үүрэг гүйцэтгэгч Б.Цэрэндагва мэдээлэл өгөхдөө, “Бид иргэдийг аль болох бөөгнүүлж, нэг дор цуглуулахгүйг бодолцон хурал номын үйлийг Батцагаан дуганд зохион байгуулж байна. Хийдээс сүсэгтэн олонд  гар ариутгах, амны хаалт зүүх, хоорондоо 2.5 метрийн зай барих шаардлагыг тавьж байна. Иргэд, лам хуврагын аюулгүй байдлыг хангах үүднээс дуганыг 2 цаг тутам чийгтэй цэвэрлэж, агаар тогтмол сэлгэх юм” гэв. 


Мөн Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд хэлэхдээ, “Гандантэгчэнлин хийд ёс уламжлалыг таслахгүйн үүднээс хурал номыг дотооддоо хурсан. Энэ сарын 1-ний УОК-ын шийдвэрээр иргэд, сүсэгтэн олныг хүлээн авч, аврал даатгал одуулах, эргэл мөргөл хийх боломжийг бүрдүүлж байна" гэв. 

УОК-ын шийдвэрийн дагуу  Гандантэгчэнлин хийд сүсэгтэн олонд энэ сарын 4-9-нд нээлттэй үйлчилж, сүсэгтэн олон Батцагаан дуганд 9-17 цагт хүсэлт, айлтгалаа уламжлан, хуралд даган баясах боломжтой боллоо. 

Батцагаан дуганы нэг давхарт иргэдийн айлтгалыг хүлээн авч, их танхимд хурал ном хурна. Мөн нэг давхарт сүсэгтэн олонд зөвлөгөө өгөх, чиглүүлэх хөтөч лам ажиллах юм.  Түүнчлэн, Гандантэгчэнлин хийд цар тахлын үед шуурхай ажиллах хэсгийг бүрдүүллээ. Уг хэсэг нь Засгийн газар, УОК-ын дараагийн шийдвэрт үндэслэн цаашид явуулах үйл ажиллагааг шийдэх юм. 

И.Даваадорж

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ