Урд хөршөөс эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-07-02 20:05:28

Дорноговь/МОНЦАМЭ/.Замын-Үүд сумын Онцгой комиссоос БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг долдугаар сарын 02-нд татан авлаа. 

Дээрх ажлыг улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу зохион байгуулсан бөгөөд  тэдний халууныг хэмжиж тусгаарлах байранд байрлууллаа. Халуурсан байдалтай сэжигтэй хоёр тохиолдлыг Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн хэмээн сумын Онцгой комиссоос мэдээлэв.

Монгол Улсын Шадар сайдын болон  МХЕГ-ын даргын холбогдох тушаалын дагуу мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Мөн зорчигчдоос эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийсэн аж. 

Холбоотой мэдээ