"Рио-2016"-гийн үеэр 5000 сэргээшийн шинжилгээ хийнэ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-05-12 10:16:28

РИО ДЕ ЖАНЕЙРО. /Prensa Latina/. "Рио 2016" Олимпын наадмын үеэр Бразилын Сэргээшийн хяналтын лаборатори 5000 гаруй удаа сэргээшийн шинжилгээ авах болно хэмээн тус улсын Спортын яамны эх сурвалж мэдээлжээ.

Өчигдөр үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн Бразилийн Сэргээшийн хяналт эрхэлсэн газрын нарийн бичгийн дарга Марко Аурелио Клэйн хэлэхдээ "тус лаборатори   Олимпын үйл ажиллагаанд сайтар бэлтгэгдсэн" гэлээ.

"Рио 2016" Олимпын наадмын үеэр Бразилын үндэсний шинжлэх ухааны хөгжлийн түвшинг энэхүү лаборатори харуулах болно хэмээн тэрбээр онцлон дурджээ.

Тус лаборатори нь Олон улсын Олимпын хорооноос 11 сарын өмнө дахин магадлан итгэмжлэгдсэнээс хойших хугацаанд 2600 гаруй  дээж аваад байгаа ажээ.

Долдугаар сараас өмнө Бразилын Сэргээшийн хяналтын удирдах газраас сэргээшийн шинжилгээ хийх, сорил авах ажилд 130-140 хүнийг сурган бэлтгэх юм. Үүнээс 96 ажилтан нь аль хэдийн бэлтгэгдсэн тухай Спортын яамны сайд Рикардо Лэйс мэдэгдсэн байна.

Мөн түүнчлэн "Олимпын наадмын үеэр хийх шинжилгээний тоо нь тус лабораторийн бүтэн жилийн хугацаанд гүйцэтгэх ажилтай тэнцүү байгаа нь манай лабораторийн хүчин чадал хэр  өндөр вэ гэдгийг харуулж байна" хэмээн www.brasil2016.gov.br цахимд нийтлэгдсэн Лэйсийн мэдэгдэлд дурджээ. 

Тэрбээр цааш нь дурдахдаа "бидний гол зорилго бол манай улсыг төлөөлөн Олимпод оролцож буй тамирчдаас ямар нэгэн сэргээшийн асуудал гаргуулахгүй байх явдал бөгөөд тамирчдад сэргээшээс урьдчилан сэргийлэх "сонор сэрэмж"-ийг дээшлүүлэх явдал юм" гэлээ.

"Рио-2016" Олимпын наадмын үеэр дээрх лаборатори долоо хоногт долоо өдөрт 24 цагаар ажиллах юм.

Х.Сарнай

Холбоотой мэдээ