С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-07-01 13:52:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажлаа Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд өнөөдөр хүлээлгэн өглөө.

С.Амарсайхан УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдож, өчигдөр тангарагаа өргөсөн тул үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй юм. Тэрбээр, "Миний бие Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хүндтэй бөгөөд хариуцлагатай албыг жил гаруй хугацаанд хашиж, ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч байна. Хотын хөгжлийн бодлогыг орчин төвтэй шийдэлд тулгуурласан, төлөвлөлт төвтэй хотын хөгжлийн жишгийг тогтоохын төлөө ажиллалаа. Юуны түрүүнд нийслэлийн хөгжлийг өнөө маргаашаар бус, урт хугацааны баримт бичгүүдийг боловсруулан УИХ, Засгийн газраар батлуулснаа дуулгахад таатай байна" гэв. 


"Өнгөрсөн нэг жил нийслэлчүүд бидний хувьд томоохон шалгуур, сорилтыг даван туулсан, түүхэн он байлаа. Сүүлийн 20 гаруй жилийн турш Улаанбаатар хотын хамгийн том асуудал болсон утаа, агаарын бохирдлыг шийдэхийн тулд Засгийн газар дорвитой шийдвэр гаргаж, энэ шийдвэрийг бодитойгоор хэрэгжүүлэх гол хүчин нийслэл хот, төрийн албаны мянга мянган албан хаагч байсан юм. Бид хамтдаа хүчээ нэгтгэн ажилласны үр дүнд агаарын бохирдлыг өнгөрсөн өвөл 50 хувиар бууруулж чадлаа.

Мөн дэлхий нийтийг хамарсан "COVID-19"-ийн цар тахлын үед дотооддоо халдвар тархаагүй цорын ганц орон нь Монгол Улс болж үлдсэнийг ДЭМБ зарлаад байна. Хүн амын 50 гаруй хувь нь оршин суун, аж төрж байгаа нийслэл хотод цар тахлын халдварыг дотооддоо алдахгүй барина гэдэг бол Монгол Улсыг аюулт өвчнөөс тогтоон барьж буй хэрэг бөгөөд энэ бүхний ард нийслэлийн мянга мянган төрийн алба хаагчдын хүчин зүтгэсний үр дүн юм" гэдгийг тэрээр онцоллоо. 

Ийнхүү орон нутгийн ээлжит сонгууль болох хүртэл Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болов.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ