Монгол Улс 7 сард хилээ нээхгүй

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-01 12:41:34
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр гадаадаас иргэдээ татах ажлын талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өлгөө.


УОК-ын өчигдрийн хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг 7 сарын 15-ныг дуустал сунгах санал гарсан ч хилээр зорчих хөдөлгөөнийг зогсоосон хязгаарлалт 7 дугаар сарыг дуустал үргэлжилнэ гэдгийг  мэдээллийн эхэнд онцлов.


Тэрбээр "Хилийн хязгаарлалт цаашид үргэлжлэх учир 7 сард үйлдэх тусгай нислэгийн хуваарийг УОК-оор батлууллаа. Ингээд манай иргэд хамгийн ихээр оршин сууж буй БНСУ руу 7 сарын 2-нд хоёр онгоц нисэхээр болсон. Үүний дараа 7 сарын 4-нд Токио руу, 7 сарын 7-нд Сөүл рүү дахин хоёр нислэг, 9-нд Истанбул руу, 15-нд Сөүлээс зөвхөн транзит зорчигчдыг татан авна. Үргэлжлүүлээд 7 сарын 20-нд дахин Сөүл рүү, 21-нд Токио руу, 26-нд Франкфурт хотууд руу нислэг үйлдэнэ. Эдгээр нислэгийн хуваарийг тусгаарлах байр суларч буй өдрүүдийн хуваарьт тааруулан гаргасан гэдгийг онцлон хэлмээр байна. Тусгаарлах байрны хүрэлцээ бага боловч нэмэгдэж байгаа бөгөөд дахин нэмэлт нислэг үйлдэх боломжийг судалж байна. Бид зөвхөн тусгай нислэгээр бус газрын боомтуудаар ч иргэдээ татаж байгааг та бүгд мэднэ. Ингээд 7 сард агаарын болон газрын боомтоор 3000 орчим иргэнээ татах урьдчилсан тооцоо гарсан" хэмээн тэмдэглэв.


Улсын хилийг 8 дугаар сард нээх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн үндэслэн УОК шийдвэр гаргах юм. 

 

Холбоотой мэдээ