“Дундговь судлал-2020” эрдэм шинжилгээний бага хурал цахимаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-07-01 11:54:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Музей “Дундговь судлал-2020” эрдэм шинжилгээний бага хурлыг цахимаар зохион байгуулж, найман судлаач зургаан илтгэл танилцууллаа.

Цахим хуралд 14 судлаач 12 илтгэл танилцуулахаар саналаа ирүүлсэн хэдий ч цаг зав, техникийн бэлэн байдлаас шалтгаалан бүрэн оролцож чадаагүй байна.

Тус Музей 2016 оноос аймгийнхаа түүх, соёлын биет болон биет бус өвийг судлах ажлыг эрчимжүүлэх, энэхүү судалгааны ажилд эрдэмтэн, судлаачдын анхаарлыг хандуулах зорилгоор “Дундговь судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулж, энэхүү хуралд танилцуулсан илтгэлээр ном болгон гаргаж байгаа юм.

Энэ удаагийн Эрдэм шинжилгээний бага хуралд танилцуулсан илтгэлүүдээс гурав нь Дэл уулын хадны зураг, зураасан зурагтай холбоотой байсан ба бусад нь Руни бичгийн дурсгал, Дундговь аймгийн ургамлын үр, тоосонцрын судалгаа, Харчин өртөөний нутагт ардуудыг худалдаж байсан эсэхийг тодруулсан судалгааны тухай байлаа.

Тодруулбал, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүннү ба эртний улсуудын судалгааны салбарын эрхлэгч, доктор Н.Батболд “Дэлхийн соёлын өв: Дэл уулын хадны зураг” сэдвээр, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн багш, доктор Б.Аззаяа “Монголын Руни бичгийн өмнөд бүсийн дурсгал” сэдвээр, мөн сургуулийн багш, доктор Ц.Баттулга “Дэл уулын зүүн билүүний зураасан зураг хийгээд бичгийн дурсгалууд” сэдвээр, Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, судлаач Ч.Баяндэлгэр, Б.Эрдэнэбаяр нар “Дэл уулын баруун билүүнээс олдсон зарим хадны зураг” сэдвээр, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Пүрэвсүрэн “Дундговь аймагт явуулсан ургамлын үр, тоосонцрын судалгаа”, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр дээд сургуулийн багш, доктор Н.Наранбайгаль “Харчин өртөөний нутагт худалдагдсан ардууд байсан эсэхийг тодруулах нь” илтгэлүүдийг тус тус танилцуулжээ.  

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Дэл уул нь Монголын нүүдэлчдийн 7-8 мянган жилийн түүхийг хадан дээр зурж, бичиж, сийлж үлдээсэн түүхийн үнэт дурсгалт газар юм.

Энэ удаагийн хуралд оролцсон эрдэмтдийн илтгэлээс харахад Дэл уулын зураг, бичээсийн сэдэв, дүрслэлийн хувьд өргөн хүрээтэй, хүн, гэрийн тэжээмэл болон зэрлэг амьтад, тамга тэмдэг, ан гөрөө, дайн тулааны холбогдолтой зургууд олон байдаг аж.

Түүхийн энэ үнэтэй бичээс нь тухайн үеийн хүмүүсийн амьдрал, овог, аймгийн соёл, ахуй байдал, эрхэлж байсан аж ахуй гээд түүхийн олон үеийн турш энэ нутагт хүн иргэншин сууж байсны гэрч болон үлдсэн бөгөөд эдгээр давтагдашгүй хадны зургуудыг нэг бүрчлэн нарийвчлан судлах нь зүйтэй гэдгийг судлаачид онцолж байлаа. 

Холбоотой мэдээ