Иран Трампыг баривчлах хүсэлт гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-06-30 11:26:20

ТЕХРАН. /BBC/. Ираны Зэвсэгт хүчний командлагч, генерал Касим Сулеймани Иракт өнгөрсөн нэгдүгээр сард амиа алдсантай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг баривчлах хүсэлтийг Ираны тал гаргажээ.


Техраны прокурор Али Алкасимерийн мэдээлснээр, Д.Трамп болон өөр 35 хүнийг хүний амь нас бүрэлгэсэн хийгээд терроризмын хэрэгт буруутгаж байгаа бөгөөд тэднийг баривчлахад туслалцаа үзүүлэхийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагаас /Interpol/ хүссэн ажээ.


Ираны асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгчийн хувьд уг хүсэлтийг суртал ухуулгын үзүүлбэр хэмээн нэрлээд, үүнийг хэн ч нухацтай авч үзэхгүй гэж мэдэгдсэн байна.


К.Сулеймани Багдад хотын олон улсын нисэх буудлын ойролцоо дроны цохилтод өртсөний улмаас амиа алдсан юм. Уг тушаалыг өгсөн Д.Трамп, генерал Америкийн олон зуун цэргийн амь насны төлөө хариуцлага хүлээх ёстой хэмээгээд, түүнийг олон халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэж мэдээлжээ.


Иран уг явдлын хариуд Ирак дахь АНУ-ын цэргүүдийн байрлаж байсан баазуудыг онилон пуужингийн цохилт өгсөн юм. 

Холбоотой мэдээ