Ц.Баатархүү: Сонгуулийн дүн мэдээний тоо баримт зөрж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-26 19:34:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бүх хэсгийн хорооноос ирсэн ажиглагч нарын дүн СЕХ-ны дэлгэцээр цацсан дүн мэдээтэй зөрж байгаа тул үүнийг нягтлах ажлын баг гаргаж ажиллаж байгаа талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү өнөөдөр мэдээлэв. 


Тэрбээр, "Энэ удаагийн сонгууль ирээдүйн 30 жилийг тодорхойлох суурь байсан гэж иргэд итгэл найдвараа тавьсан. Ардчилсан нам хуулийн хүрээнд сонгогчдын эрхийг зөрчихгүй хүндэтгэлтэй оролцъё гэж шаардаж байсан. Гэтэл сонгуулийн дүн гарсны дараа сонгогчид маань гар утас, цахим шуудан, фэйсбүүк захидлаар бидэнд хандаж "бид хороо, орчин тойрныхоо хүмүүсийг мэднэ, бидний үр дүн өөр гараад байна, бидний санал хаачсан бэ" гэх зэргээр асууж байна. Ардчлллын суурь зарчим хуулийн хүрээнд явах ёстой. Тиймээс бид шуурхай ажлын баг байгуулан ажиллаж, эхний дүгнэлтээ гаргасан. Хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна" хэмээв. 


СЕХ-ноос санал хураалтын явцад функцын алдаа гарсан гэдгээ мэдэгдсэн гэдгийг тэрбээр мэдээлэлдээ дурдаад, өөрсдийн ажлын багтаа сонгуульд өрсөлдсөн бүх нам, эвсэл бие даагчдын төлөөллийг оролцуулахаар урив. Мөн эрх баригч МАН-ын төлөөллийг ч хамтарч ажиллахыг хүссэн юм. 


"Үр дүн бүгдэд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Ингэхдээ, тоо баримтаар нотлогдох ёстой. Гэтэл тоо баримтууд зөрөөд байна. Тиймээс хамтарсан ажлын баг гаргаж энэ асуудлыг нэг тийш нь шийдье. Үгүй бол иргэдийн итгэл сэргэхгүй, эргэлзээ тайлагдахгүй" хэмээн АЗХ-ны  С.Эрдэнэболд мэдээллийн үеэр тэмдэглэв. 

Холбоотой мэдээ