2016 оноос сурагчийн дүрэмт хувцасны даавууг дотооддоо үйлдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-25 12:00:02

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өчигдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ "Ирэх жил гэхэд сурагчийн дүрэмт хувцсыг бүрэн үйлдвэрлэх хэмжээний даавууны үйлдвэртэй болно" гэж мэдэгдлээ.

Тэрбээр, “Чингис бондоос ноосны салбарт онцгой арга хэмжээ авсныг зөв гэж бодож байгаа. Зээл авсан үйлдвэрүүд маш амжилттай ажиллаж байна. Монголчууд даавуу үйлдвэрлэж байсан түүх тун ховор. Ноосоо бүрэн ээрээд даавуу үйлдвэрлэж байсан ийм үйл явц хэзээ ч болж байгаагүй. Гэхдээ эдгээр үйлдвэр бондын хөрөнгөөр ноосоо ээрээд, даавуугаа үйлдвэрлэх ийм бололцоо үүсээд байна. 2016 он гэхэд сурагчийнхаа дүрэмт хувцсыг үйлдвэрлэх хэмжээний даавууны үйлдвэртэй болох боломж үүснэ. Зээл авсан үйлдвэрүүд техник технологио оруулж ирж, угсралтаа хийгээд энэ жил  туршилтаа эхлүүлж, ирэх жил үйлдвэрлэлээ эхлүүлэхэд бэлэн болно гэсэн мэдээлэл өгч байгаа.

Сурагчийн дүрэмт хувцасны тухайд эерэг сөрөг янз бүрийн мэдээлэл явдаг. Энэ дээр улстөржүүлэх гэсэн оролдлого нь өндөр байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа. Өнөөдрийн дүрэмт хувцасны материалын нэг хэсэг нь дотоодынх, ихэнх хувь импортоор оруулж ирсэн материалаар хийсэн. Сурагчийн дүрэмт хувцсыг 100 хувь гадаадаас авдаг байсан бол одоо эсрэгээрээ 90 хувь дотооддоо үйлдвэрлэж байгаа нь бидний амжилт. Өөрөөр хэлбэл, хуурамч дүрэмт хувцсыг Эрээнд үйлдвэрлэн оруулж ирдэг нь эрс багассан буюу бараг байхгүй болсон. Зах зээлийн үнийг энэ жил чөлөөтэй тавьсан. Дүрэмт хувцас 50 мянган төгрөгөөс эхэлсэн, дээд үнийн хязгаар нь хэлбэлзсэн. Хүн болгон өөртөө таарсан, хүссэн үнээр худалдаж авах энэ жил боломжийг олгосон. Ирэх онд гэхэд энэ үйл явц хэвийн гольдролд ороод явна” гэлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд