Аймгийн Онцгой комисс хуралдаж бэлэн байдалд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-21 23:34:03

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн зарим суманд болсон шороон шуурга болон Зуунмод, Сэргэлэн, Баян, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үер буусантай холбоотой аймгийн Онцгой комиссын хуралдааныг Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хуралдууллаа. 

Сүүлийн өдрүүдэд аймгийн нутаг дэвсгэрт болсон байгалийн гамшгийн нөхцөл байдлын талаар холбогдох багууллагуудын мэдээллийг сонсож, нэн даруй шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох байгууллагууд, мэргэжлийн албадад үүрэг болголоо. 

Онцгой комиссын хуралдаанаас аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал нараар ахлуулсан 3 ажлын хэсэг байгууллаа.   

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Батжаргал байгалийн гамшгийн улмаас эвдэрсэн суваг шуудуу, зам, замын байгууламжийг сэргээн засварлах  зураг, төсөв тооцоо, үер болон салхи шуурганд нэрвэгдсэн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын судалгаа, хохирлын тооцоог судалж танилцуулах, ойрын өдрүүдэд  үргэлжлэн орох аадар борооноос үерийн болон голын ай савд буусан айлуудыг сэрэмжлүүлэх, нүүлгэн шилжүүлэх, сум суурин газарт ариутгал, халдваргүйтэл хийх, үерт автсан айл өрх, орон сууцны хонгилыг соруулах, түр далан хийх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэх  үүрэг чиглэлийг өгч, холбогдох мэргэжлийн албадыг бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.


Холбоотой мэдээ