Дэлхий дахинд цахим халдлагатай холбоотой гэмт хэрэг эрс нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-20 10:45:09
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд коронавирусний халдварын эсрэг хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа энэ үед хүмүүс цахимаар хувийн ажил болон бизнесээ үргэлжлүүлэх, хичээл сургалтад хамрагдах, хурал зөвлөгөөнд оролцох, мэдээ мэдээлэл авах болсноор интернэт орчны хэрэглээ эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад цахим халдлагууд ч идэвхжиж энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 82.5 хувиар өссөнийг ТЕГ-аас анхаарууллаа.


Халдлага үйлдэгчид хувь хүн рүү чиглэсэн халдлагуудад спам, фишинг, сошиал инженеринг буюу хуурамч цахим шуудан илгээх, хуурамч холбоосоор дамжуулан хортой код тарааж хэрэглэгчийн хувийн мэдээлэлд халдах зэрэг аргыг голлон ашиглаж байгаа бол аливаа байгууллага руу халдахдаа DDoS халдлага үйлдэж, улмаар хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн сангаа ашиглах боломжгүй болгож, байгууллагын үйл ажиллагаа зогсооход хүргэж байна.


Касперски компанийн 2020 оны эхний улирлын тайланд дурдсанаар DDoS халдлагын тоо хэмжээ 2019 оны мөн үеийнхээс 80 хувиар нэмэгдсэн ба халдлагын хугацаа уртсаж, 2019 оны сүүлийн улиралтай харьцуулахад 2 дахин өссөн байна. Ухаалаг дайралтын хувьд мөн ижил өсөлттэй байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн хакер болон сонирхогчдын зүгээс DDoS халдлагыг сонирхох хандлага нэмэгдэж байгааг харуулж байна. Коронавирусний дэгдэлтийн үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүргэлтийн үйлчилгээ болон боловсролын байгууллагын цахим хуудсууд DDoS халдлагад ихээр өртөх болжээ.


"COVID-19” цар тахлын улмаас техник технологийн хөгжил хурдасч байгаа ч мэдээллийн аюулгүй байдлаа хангах, кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлаа орхигдуулаад байна. Тиймээс албан байгууллагын хувьд мэдээллийн системийн аюулгүй байдлыг найдвартай хангаж чадахуйц вирусний эсрэг баталгаатай программ хангамж ашиглах, хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын шинэчлэл тогтмол хийхээс гадна сервер администраторуудын хийх ёстой хамгийн чухал алхам болох стресс тестийг өөрийн сервер дээр туршин, шинжилгээ хийж, DDoS халдлагад өртөхөөс сэргийлэхийг мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.


Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн 80 гаруй хувь нь хувь хүний мэдлэг, хариуцлагаас шалтгаалдаг тул хэчнээн өндөр өртөгтэй хамгаалалт, хяналтын систем байгаад ч бүрэн хамгаалж чадахгүй. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад иргэдийн мэдээлэл технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, зөв хэвшил олгох сургалт арга хэмжээ, анхааруулгыг тогтмол зохион байгуулж, хэрэгжүүлэхэд төр болон хувийн хэвшил, иргэдийн оролцоо чухал юм.

Холбоотой мэдээ