Ойн сан бүхий газраас мод авбал хохирлыг 3 дахин нэмэгдүүлж төлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-18 10:34:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ойн сан бүхий нутаг дэвсгэрээс 400 ширхэг зулзаган нарс авчирч бусдад худалдахыг завдсан хэргийг өнгөрсөн даваа гарагт илрүүлжээ.


Монгол Улсад бүртгэлтэй “С” ХХК үйлдсэн болох нь шалгалтаар тогтоогдсон байна. 


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалаар батлагдсан “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ”-гээр 1-2 метрийн өндөртэй нарс модыг 283 368 төгрөгөөр үнэлснээр тооцвол 113.347.200 төгрөгийн хохирол учруулжээ.


Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дахь хэсэгт ойн санд учирсан хохирлыг Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 340.041.600 төгрөгийн нөхөн төлбөр тавих юм.


Экологийн цагдаагийн алба/ЭЦА/, Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хэргийн газрын үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж ЭЦА-аас мэдээллээ.


Б.Мандуул

Холбоотой мэдээ