Сү.Батболд, Д.Цогтбаатар: Оффшор данс байхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-10 13:37:52

УИХ-ын гишүүн Сү.Батболд, Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар нар өнөөдөр Төрийн ордонд оффшор дансны асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Сү.Батболд, "Монгол Улсад мөрдөж байгаа хуулийн дагуу улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцдоггүй. Гэхдээ хөрөнгө оруулагч байж болдог. Хувьцаа худалдан авч хөрөнгө оруулах эрх нь нээлттэй. Иймээс өнөөдрийн хөндөж байгаа асуудал юуны өмнө  хуулийн хүрээнд явагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй юм. Сү.Батболд гэх хүн оффшор компанитай холбоотой тухай өнөөдөр нийгэмд яригдаж байна. Тиймээс энэ тухайд албан ёсны тайлбар хийж байна.

Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт хийсэн "Бату майнинг" компани Монгол Улсад бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж ирсэн компани. Хоёрдугаарт, энэ компанид бид нууцаар ороогүй. Улстөрчид хувьцаа эзэмшиж болно гэсэн хуулийн хүрээнд асуудал өрнөсөн. Нуух хаах шалтгаан байхгүй учир өөрийн нэрээрээ энэ ажиллагаанд оролцсон. Үүний дараа ямар хэмжээний хувь эзэмшиж байсан бэ асуудал хөндөгдөнө. “Бату майнинг” компанид 11,9 хувийг нь миний бие 2003 онд 18 мянга 771 ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцаа худалдаж авсан байдаг. Тухайн үеийн ханшаар бол 21 сая төгрөг. Энэ мөнгө хаанаас гарсан бэ гэвэл 2004 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Капитрон банкны хувийн данснаас гүйлгээ хийсэн. Энэ хувийг авахдаа ямар нэг ойлгомжгүй эх үүсвэрээс хөрөнгө татсан гэх асуудал байхгүй гэсэн үг. Үүний дараа буюу 2005 онд “Бату майнинг” компанийн үйл ажиллагаа ойлгомжгүй байсан учир хувьцаагаа өртгөөр нь зарж, тус компаниас гарсан.  

Гуравдугаарт, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ энэ тухай тусгасан уу гэсэн асуудал яригдаж таарна. Хөрөнгө орлогоо мэдүүлэх хууль 2007 оноос мөрдөгдөж эхэлсэн учир энэ тухай мэдүүлэх шаардлага үүсээгүй байсан. 2007 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ би бүх эзэмшиж ирсэн, өөрөөр хэлбэл 1992 оноос байгуулсан “Алтай холдинг”, “Алтай трейдинг” компанийн талаарх хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Үүнээс үзэхэд хувьцаа худалдаж аваад буцааж зараад номоор нь эх үүсвэрээ гаргасан энгийн л нэг бизнесийн үйл ажиллагаа. Түүнээс өөрөө оффшор компани байгуулаад данс эзэмшээд байгаа асуудал байхгүй. Оффшор компани, оффшор компанийн данс Д.Цогтбаатар бид хоёрын нэр дээр байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Эл асуудлаар хууль хүчний байгууллагад хандаж, Сү.Батболд, Д.Цогтбаатар нар хууль зөрчсөн эсэхийг шалгуулна” гэв.

Үүний дараа Байгаль орчны сайд асан Д.Цогтбаатар хийсэн мэдээлэлдээ, "Би Австралид төгссөн. Австрали найзууд маань надад хамтарч ажиллах саналыг тухайн үед тавьсан. Миний хувьд 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж, “Бату майнинг” компаниас 2005 онд гарсан. Надад ямар нэг оффшор данс байхгүй" гэлээ. Тэд мэдээллийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Оффшор данстай гэж нэр нь бичигдсэн Сүхбаатарын Бат-Очир гэдэг хүн Сү.Батболд гишүүнтэй холбоотой юу?

Сү.Батболд: -Сүхбаатарын Бат-Очир миний ах. Ах маань 1990 оноос бизнес хийж байгаа. Би өөрийнх нь нэр мөн эсэхийг асуусан. Өөрөө шалгаж үзье гэсэн. Би ахдаа “Шалгуулаарай. Зөв бурууг нь тогтоолгоорой. Учир нь улстөрч хүний ах гэдэг учир шалтгаан байгаа учир шалгуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй" гэсэн.

-“Бату майнинг” компанийн толгой компанийн танилцуулгын ТУЗ-д Д.Цогтбаатар гэсэн нэр байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?

Д.Цогтбаатар : -Австралийн хөрөнгө оруулагчид ТУЗ-д өөрийн хүнээ тавьтал хөрөнгө оруулсан хүнийг байлгаж байя гэсэн. Би тэндээс ямар ч цалин авч байгаагүй. Монголын талын хөрөнгө оруулагчид байгаа гэдгийг л харуулах гэж ТУЗ-д түр багтаасан байсан юм. 

-2015 оны 4 дүгээр сарын 27-нд 2008 оны терроризмын эсрэг санхүүгийн кодын дагуу ОХУ-ын иргэн Олег Дерпаско гэдэг хүн санхүүгийнхээ талаар мэдээлсэн. Уг компанийг энэ хүн эзэмшдэг гэсэн байна. Энэ хүнтэй бизнесийн харьцаанд орж байсан болов уу?

Сү.Батболд: -Би 2003 онд энэ компанид ороод 2005 онд гарсан. Түүнээс хойш болсон үйл явдлыг мэдэхгүй.

Б.Туул

Холбоотой мэдээ