“Сайн хашаа” хөтөлбөрийн зээлийн дээд хэмжээг 10 хүртэл сая төгрөгөөр тогтоов
МОНГОЛЫН МЭДЭЭЗасгийн газрын ээлжит 26 дугаар хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийв.
Ерөнхий сайд өнгөрөгч долоо хоногт “Шийдлийн цаг” уулзалтаар гэр хорооллын хашаа байшингийн асуудлыг шийдвэрлэх “Сайн хашаа” хөтөлбөрийн бэлтгэл ажилтай танилцаж, холбогдох хүмүүст үүрэг өгсөн. Үүний дагуу өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Сайн хашаа” хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх зээлийн ерөнхий журмыг баталсан байна. Тус хөтөлбөр нь инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууц голлосон хороолол хөгжүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцлийг бий болгох зорилготой юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай амины орон сууцанд зориулсан эрчим хүчний хэмнэлттэй зэрэг хялбаршуулсан барилгын норм, дүрэм, гадна талбайн тохижилт, бие даасан инженерийн дэд бүтцийн техник технологийн стандартыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу батлуулж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгажээ.
Хөтөлбөрт хамрагдах иргэд хүсэлтээ аймаг, нийслэлийн хот байгуулалт болон орон сууцны асуудал хариуцсан байгууллагад гаргаж, сайжруулсан гэр хорооллын бүсэд хамаарах тухай тодорхойлолт авч хөтөлбөрт оролцогч шаардлага хангасан компаниас сонголтоо хийн, банкинд хүсэлтээ тавих замаар банк зээлийг иргэний сонгосон компанид шилжүүлэх юм байна.
Хөтөлбөрт хамрагдах иргэн эхний хоёр жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд айл өрхүүдэд олгох хөнгөлөлттэй зээлийн дээд хэмжээг 10 сая төгрөг хүртэл, зээлийн хугацааг таван жил байхаар тогтоожээ. Түүнчлэн иргэдэд олгосон зээлийн 50 хувийг төсөвт тусгах замаар улсын болон орон нутгийн төсвөөс хариуцан төлөх юм байна. Үүний үр дүнд иргэнд ирэх зээлийн ачаалал буурна гэж тооцож байгаа аж.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зорилтот бүлэг, хэсгийн өрх айлууд бие даасан инженерийн дэд бүтэцтэй болж, амьдрах нөхцөл сайжрахаас гадна орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэж үзжээ.
Н.Гантуяа