“Чөлөөт эмэгтэйчүүд” нийгэмдээ үлгэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-17 10:18:45

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн 2000 орчим бүсгүйчүүдийг нэгтгэсэн “Чөлөөт эмэгтэйчүүд” группийн хамт олон нийгэмдээ үлгэрлэсэн олон ажлыг өрнүүлж байна.


Тодруулбал, “Бурхан багшийн их дүйчин өдөр”-өөр сайн үйлсийн аяныг санаачилж, М.Амин-Эрдэнэ охинд бодит тусламжийг үзүүллээ. Бяцхан охин М.Амин-Эрдэнэ долоон сартай, зүрхний гажигтай гэж оношлогджээ. Өвчний оношийг гурван сартай байхад нь мэдэж, өнөөдрийг хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж байгаа аж.Түүнийг гадаадад эмчилгээ хийлгэх боломжтой гэсэн таатай хариу ирсэн ч дэлхий нийтийг цочроогоод байгаа цар тахлын улмаас эмчлүүлэх боломж бүрдэхгүй байгаа гэнэ.

Охины ээж н.Мандах өөрийн цахим хаягтаа охинд минь туслаач гэсэн мэдээлэл оруулсныг Чөлөөт эмэгтэйчүүд группийн админ С.Энх-Отгон харж, гишүүн бүсгүйчүүддээ уриалснаар энэхүү сайн үйлсийн аян эхэлсэн байна. Бяцхан охин маань хагалгаанд орох хүртлээ хүчилтөрөгчийн аппаратыг өдөр бүр хэрэглэх зайлшгүй шаардлагатай байсан тул бүсгүйчүүдийн зүгээс тус аппаратыг авч өгөхөөр хандив цуглуулж эхэлжээ.

Нийт 100 гаруй хүмүүс тус хандивын ажилд оролцож, улмаар хандивын ажил хүчилтөрөгчийн аппарат мөн өргөө цагаан гэр болон өргөжжээ. Өөрийн гэх гэргүй, өрх толгойлсон бүсгүй Мандах найзынхаа эзэмшлийн отрын гэрт амьдардаг тул тэд гэртэй болгохоор сэтгэл шулуудсан нь энэ юм.

Билэгт сайн өдөр өрх толгойлсон нэгэн бүсгүй үрсийнхээ хамт айх аюулгүй, амар тайван амьдрах өргөө цагаан гэртэй боллоо. 

Чөлөөт эмэгтэйчүүд” групп нь нээгдсэн цагаасаа эхлэн маш олон сайн үйлсийн аяныг зохион байгуулсан байна. Тухайлбал, Нэг хүн, Нэг маск, Должинсүрэн эмээгийн гэр бүлд тусалъя, “Нандин учрал”, Одонтой ээжүүд” нэвтрүүлэг, Маскаа зүүе, Гараа угаая, Дархлаагаа дэмжье, Эерэг хандлага түгээе” уриатай Flash Mob бүжгээр нэгдсэн гээд маш олон нийгэмд тустай ажлуудыг хийсээр байна. Тэдний дараагийн том ажил бол өөрийн гэсэн оффистой болох ажээ.

 

Холбоотой мэдээ