Манай улсад 50 мянга орчим донор идэвхтэй цусаа бэлэглэдэг

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-06-12 15:51:21

ДЭМБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг Цусны доноруудын өдөр болгосон. Улмаар 2004 оноос дэлхий нийтээр тэмдэглэж эхэлсэн байна. Монгол улс энэ өдрийг 15 удаа тэмдэглэжээ. Энэ жилийн хувьд “өндөржүүлсэн бэлэн байдалд” байгаатай холбогдуулан олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ явуулахгүй. Түүнээс гадна дэлхийн цусны доноруудын өдөр амралт (ням гаригт)-ын өдөр таарч байна. Бусдад амьдрал хайрлан цусаа бэлэглэгчдийг хүмүүнлэг үйлст донорууд гэж нэрлэн алдаршуулах зорилгоор энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх шаардлагатай болсон гэнэ.


Монгол улс 2000 онд цусны донорын хууль баталж, ийм хуультай дэлхийн 30 дахь орон болсон түүхтэй. Тус хуулийг баталснаас хойш 2012 онд  нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн  хуулийг 2017 онд шинэчилэн найруулсан байна. Хуульд 35 ба түүнээс дээш тоогоор цусаа бэлэглэсэн иргэнийг хүндэт донор цолоор шагнах заалт бий. Ийм цолтой донор улсын итгэмжлэгдсэн сувилалд жилд 1 удаа үнэ төлбөргүй амарна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар тэдэнд эрүүл мэндийн үзлэг үнэ төлбөргүй хийнэ. Үзлэгийг улсын 2, 3 дугаар төв эмнэлгүүдэд очер дугаар харгалзахгүй хийдэг онцлогтой. Цусны доноруудыг 70-100 удаа цус бэлэглэвэл хүрэл, 150 хүрвэл мөнгө, 150-аас дээш гарвал алтан донор гэж өргөмжлөх болжээ.

Улсын хэмжээнд давхардсан тоогоор 140 мянга орчим донор байдаг гэсэн мэдээлэл байна. Тэднээс 1000 гаруй нь хүндэт донор цолтой . Харин одоо  50 мянга орчим  донор идэвхтэй цусаа бэлэглэж байна.


Олон улсын өдрийг угтан тогтмол хугацаанд цусаа бэлэглэж буй донорыг алдаршуулах, тэдний буянт үйл хэргийг нийгэмд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулдаг  жишиг манай улсад тогтсон байна. Тодруулбал 2019 онд дэлхийн цусны донорын өдрийг “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн: Хэнд ч, хаана ч”  уриан дор Сүхбаатарын талбайд ЭМЯ, ЦССҮТ, МУЗН хамтран зохион байгуулсан. Тэр үед улсын хэмжээнд 34,296 орчим донор цусаа бэлэглэсэн. Тэдний 26,053 нь Улаанбаатар хотод, үлдсэн 8243 нь аймаг орон нутагт байсан гэх мэдээлэл олон нийтэд цацагдсан. Эдгээр тоо баримтууд өнгөрсөн оных гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.


Цус цусан бүтээгдэхүүний эмгэг төрүүлэгчийг идэвхгүйжүүлэх, рентген туяагаар шарах шинэ технологийг Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ) үйл ажиллагандаа өнгөрсөн оноос нэвтрүүлжээ. Шинэ технологийг нэвтэрснээр хөлдөөж угаасан  улаан эсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нэр төрөл нэмэгдэж, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах боломжтой болсон. Өнөөдөр тус төв доноруудын бэлэглэсэн цусаар 30 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмнэлгүүдийн хэрэгцээг ханган ажиллаж байна.  


Ер нь  ЦССҮТ-ийн нэрийн хуудас 1963 оноос эргэж эхэлсэн түүхтэй. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 505 дугаар тогтоол 1962 оны 12 дугаар сарын 26-нд гарч, 1963 оноос Цус сэлбэх төв станц нэртэй бие даасан байгууллага болон ажиллаж эхэлжээ. Гэхдээ түүнээс өмнө цус сэлбэх эмчилгээ хийж байгаагүй гэсэн үг биш. Улсын төв эмнэлэгт 1938 онд мэс засалч эмчээс цус авч цус сэлбэх эмчилгээ хийсэн нь орчин үеийн эмнэлгийн түүхэнд анхны тохиолдол болон тэмдэглэгдэн үлджээ. Мөн Халх голын 1939 оны дайны үед шархадсан цэрэг, дайчдад цус сэлбэх эмчилгээ хийж байсан түүхтэй.

Холбоотой мэдээ