ОБЕГ-ын хөгжмийн салбарын 15 жилийн ой тохиож байна

Монголын мэдээ | Соёл урлаг
ulzii@montsame.mn
2020-06-08 16:13:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын 15 жилийн ой энэ онд тохиож байна.


Анх 2005 онд Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжихэд тухайн үеийн Аврах тусгай ангид хөгжмийн салааг байгуулан, анхны даргаар ахлах ахлагч И.Даваадоржийг томилон цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийг байгуулжээ.



Харин 2018 онд Үндэсний аврах бригад болон өргөжихөд хөгжмийн тусгай бүлэг нь салбар болон өргөжиж анхны даргаар ахмад А.Алтансүх томилогдсон юм байна. Өдгөө тус салбар 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөг хүртэл 3999 удаагийн байгууллагын болон олон улсын урлагийн тоглолтод оролцжээ. Мөн 2017 онд зохион байгуулсан ОХУ-ын Дэлхийн үлээвэр хөгжимчдийн их наадамд 6 хөгжимчин амжилттай оролцсон байна.



“Монгол цэргийн жавхаа” улсын уралдаанд 2015 онд тусгай байр, 2016 онд тэргүүн байр, 2018 онд зохион байгуулсан Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Долгорын Сандагсүрэн агсны нэрэмжит “Үлээвэр найрал хөгжимчдийн анхдугаар уралдаан”-д гутгаар байрыг тус тус эзэлжээ.



Мөн 2017 онд Аврах тусгай ангийн түүхт 50 жилийн ойд зориулан “Энхийн дуудлага”, 2019 онд Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, цахилгаан хөгжмийн “Тэнгэр” хамтлагийн дуучин, ахлах ахлагч Б.Дорждэрэмийн анхны бие даасан “Энхийн элч” тоглолтыг “UB PALACE”-ийн концертын их танхимд амжилттай зохион байгуулсан юм.



Тус салбар нь сургалтын тохилог байртай, дуу бичлэгээ хийдэг мэргэжлийн студитэй бөгөөд ойгоо угтсан уран бүтээлийн ажил өрнүүлж буйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ