Өнжүүл ямааны генефондыг хамгаалж өсгөн үржүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-08 11:44:58

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөр бүтээлийн ололт, амжилт, тэргүүн туршлагын нэгээхэн хэсэг нь Өнжүүл үржлийн хэсгийн ямаа. Тодруулбал Баян-Өнжүүл, Бүрэн, Сэргэлэн, Дэлгэрхаан суманд Өнжүүл ямааны генефондыг хамгаалж өсгөн үржүүлж байгаа гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

ХАА-н сайдын 1982 оны 11-р сарын 27-ны өдрийн 457 тоот тушаалаар ноосны чиглэлийн үржлийн хэсгийн Өнжүүл ямаагаар батлагдсан. Үүний дараа түүний ашиг шимийг сайжруулах, бие чийрэгжүүлэх зорилттой шилэн сонголт тохируулалт хийж монгол орны байгаль цаг уурт дасан зохицсон шинэ хэвшлийн сүрэг бий болжээ.

Өнжүүл ямаа нь биеэр нутгийн монгол ямаанаас багагүй, сэрвээний өндөр 60-63 см, биеийн ташуу урт 62-65 см байдаг бөгөөд амьдын жин нь 2-4 настай ухна 55-63 кг, эм ямаа 26-34 кг дардаг, гурван настай эм ямаа хаврын жингээ намар болоход 38,1%, өсвөр ямаа 43,9%-иар нэмэгдүүлж дан бэлчээрээр өвөлжихөд намрын жингээ 23-28%-иар алдаж онд орно. Хоёр настай эр ямааг бэлчээрээр оторлож таргалуулаад нядлахад нойтон гулууз нь 20.3, дотор өөх 3.1 кг болдог загсаасан гулууз нь шулахад тураг мах 68.7%, гадар өөх 18.9%, яс 16.4%-ийг эзэлж нэг кг ясанд ногдох мах өөхөөр нутгийн монгол ямаанаас 400 гр илүү гардаг онцлогтой.

Өнжүүл ямаа харьцангуй богиновтор өндөр, чээжирхэг, зөв зохицсон бие галбиртай, биеийн зонхилох хэсэг налуу хэлбэрийн долгионтсон туг үсний байгуулалттай, тод гялалзсан туяа бүхий торгомсог зөөлөн урт ноосоор хучигдсан, наран ба сэлмэн хэлбэрийн эвэртэй, унжуу байрласан том чихтэй, зовхины арьс нь бараан өнгийн толбо (мэнгэ)-той бахалтай, эвэр туурны өнгө цайвар, хүчирхэг бөх бат хөлтэй дан цагаан зүстэй тэр нь баттай удамшдаг аж.

Мөн үржлийн ухна бойжуулах фермийг Баян-Өнжүүл суманд байгуулснаар 31 мянган тоо толгойд хүрч өсжээ. Үржлийн хэсгийн Өнжүүл ямааны өсвөр ухна 740 гр, нас гүйцсэн ухна 1548гр, өсвөр эм ямаа 681гр, бүдүүн эм ямаа 1154 гр хяргасан ноос өгдөг байна. Тохиромжтой хэвшлийн эм ямааны ноосонд ноолуур, завсрын үс 86 % байсан бол одоо 90% үүний дотор завсрын үс бараг 70%-д хүрч байгаа бөгөөд биологи, ашиг шимийн онцлогоор монгол ямаанаас ялгаатай. Ялангуяа арьс, үсний гистологи морфологийн бүтэц, байгуулалт эрс өөр, монгол ямааны ноос зөвхөн ноолуур хялгаснаас тогтдог, завсрын үс бараг байхгүй хялгас нь ноолуураас урт бөгөөд бүдүүн голч нь 60-90 мкм, голоороо хөндий тэр нь хөндлөн огтлолийнхоо 2/3-тай тэнцдэг, ноолуур нь богино бөгөөд нарийн голч нь 13-16 мкм голоосоо хөндий нүх байхгүй цул юм.

Өнжүүл ямааны үсэн бүрхүүл 85-90% завсрын үс, ноолуур, 10-15% нь хялгас, энэ ширхэгүүдэд завсрын үс зонхилдог бөгөөд хялгаснаас 7-8 дахин урт, голчийн диаметр 20-30 мкм, үсний голч 29-30 мкм болон жигдэрч нэг кг бохир ноосноос 6-7 алчуурын түүхий эд гардаг юм.

Ийнхүү өнжүүл ямааг Төв аймгийн Баян-Өнжүүл, Бүрэн, Сэргэлэн, Дэлгэрхаан суманд үржүүлснээс гадна Өмнөговь аймгийн Ханхонгор, Дорноговийн Хатанбулаг суманд ноолуурын цагаан ямаа бий болоход сайжруулагчийн нэг хувилбар болгон ашиглаж байжээ. 

Холбоотой мэдээ