Их дүйчэн өдрөөр анх удаа бүх нийтээр амарна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-06-04 15:43:28

УИХ “Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан Бурхан багшийн мэндэлсэн "Их дүйчэн" өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг амралтын өдөр болгон (2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хууль батлав) өөрчилсөн билээ. Энэ жилийн дээрх өдөр 6 дугаар сарын 5-нд тохиох юм. Ийм болохоор бүх нийтээр (баасан гариг) амарна. "Их дүйчэн" өдрийг бүх нийтийн амралтийн өдөр болгоход доорх судалгаа тоо баримт, дэлхийн нийтийн чиг хандлага нөлөөлжээ. Тухайлбал манай улсад 364 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 134 буддынх, хүн амын 53 хувь нь буддын шашин шүтдэг болохыг судалгаагаар тогтоосон гэж нэр бүхий гишүүдийн 2019 оны 8 дугаар сарын 14-ны өдөр парламентад өргөн барьсан хуулийн төслийн танилцуулгад дурьдсан байна.


Хуулийн төслийг хэлэлцэх явцад хамгийн их хөндөгдсөн сэдэв нь амралтын өдөр олон байна гэсэн шүүмжлэл. Хуулийн дагуу жилд баяр тэмдэглэх гэж 14 хоног амардаг. Нэг жилд ногдох амралтын өдрийн тоог хоёр хөрштэйгээ харьцуулахад (жилд БНХАУ 26, ОХУ 14 ажлын хоног амардаг), тэднээс цөөн байна. Харин одоо энэ жилээс амрах "Их дүйчэн" өдрийг оруулаад жилд 15 өдөр амарна. Эдгээрийг дотоод хүчин зүйл гэж ойлгож болох нь. Харин гадаад хүчин зүйл, дэлхий нийтийн чиг хандлагын талаар зарим нэг зүйлийг одоо авч үзье.


Ер нь буддын шашинтнууд Их дүйчэн өдрийг эртнээс тэмдэглэн иржээ. Гэхдээ 1950 онд Шри Ланк улсад зохиогдсон “Дэлхийн буддистуудын холбоо”-ны анхдугаар чуулганаар зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг “Их дүйчэн" өдөр гэж албан ёсоор зарлажээ. Улмаар НҮБ 1999 оноос төв байр, дэлхийн өнцөг булан бүр дэх салбарууддаа "Их дүйчэн" өдрийг тэмдэглэж эхэлсэн. Мөн бүх орны засгийн газрын тэргүүнүүдэд хандан тус өдрийг бий болгох талаар НҮБ уриалжээ.


Тэгвэл "Их дүйчэн" өдөр гэж юу вэ?  Бурхан багш 81 насандаа зуны тэргүүн сарын 15-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон. Ийм учраас бурханы шашинтнууд олноор амьдардаг орнууд бүх нийтээр амарч энэ өдрийг баяр болгон тэмдэглэдэг. Монгол улсын хувьд бурханы шашин дахин дэлгэрсэн 1990 оноос тэмдэглэх болсон ч бүх нийтийн амралтын өдөр байгаагүй. Харин энэ жилээс эхлэн бүх нийтээр анх удаа бүр нийтээр амарч тэмдэглэнэ.


Зуны эхэн сарын шинийн 15-ны өдөр нь “эхийн хэвлийд оршсон, бурханы хутгийг олсон, гаслангаас ангижарсан энэ 3 давхцсан өдөр. Маанийг 1 удаа уншвал буян 3 дүнчүүр болж арвижна. Тухайлбал багш болон өөрийн дээдэс таалал төгссөн өдөр буян үйлдвэл жэваа дүнчүүр болно. Нар хиртсэн өдөр буян хийвэл дүнчүүр болно. Сар хиртсэн өдөр хийсэн буян жэваа дүнчүүр болно. Сайн цагт хийсэн бүхэн 100 дахин арвижна” гэж Банчин шагжаа ширий номолсон ажээ. Буян үйлдэхдээ тодорхой өдрүүдэд үйлдвэл хэрхэн яаж өсөн үржих талаар энэ мэт сургасан байна. Түүнээс гадна сар бүрийн шиний 8,14,15,22-ний өдөр хийсэн буян 100 дахин арвижих учиртай гэнэ. Иймээс өчүүхэн буян үйлдсэн ч үр дүн нь цаглашгүй гарна гэж үздэг. Бие, хэл, сэтгэлийн үүднээс буян үйлдэхийг хичээх нь зохимжтой гэж мэргэд онцолдог.


Сүсэгтнийг “шоолж” болохгүй гэж ярьдаг. Энэ ойлголтын хүрээнд авч үзвэл “ Их дүйчэн" өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон нь (бурханы шашинтануудын хувьд) “сүсэгтний өдөр” гэж ойлгож болох юм биш үү. Тэгээд ч сүсэгтнүүдээсээ лам хуврагууд нь цөөн.Тэрхүү лам хуврагуудаас номын хутаг, гэгээрлийг олсон нь бүр цөөн. Тэдгээр цөөнөөс хамгийн төгс гэгээрч хутгыг олсон нь ганцхан  бурхан багш бус уу. Тэр өдрийг бүх нийтээр тэмдэглэнэ. Энэ өдөр амрахаас илүүтэй буян үйлдэх нь чухал. "Их дүйчэн" өдрийг  амьтаны амь таслахгүй байх, мацаг (цагаан хоол идэр) барих гээд дандаа зөв сайн үйлдлээр ахмадууд үлгэрлэн тэмдэглэж ирсэн. Эдгээр уламжлагдан ирсэн сайн бүхнийг түгээн дэлгэрүүлэхэд УИХ-ын баталсан хуулийн утга учир оршино. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Сайн үйлсийг дэлгэрүүлэх болтугай.

Холбоотой мэдээ