Зэрлэг амьтад үлэг гүрвэл шиг мөхөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-06-03 14:29:23

ЛОНДОН./BBC/. Дэлхий дээр биологийн төрөл зүйлүүд олноороо устаж үгүй болох манай гаргийн түүхэн дэх зургаа дахь үйл явц болж байгаа бөгөөд энэ үйл явцын цар хүрээг үлэг гүрвэлийн мөхөлтэй харьцуулж болохуйц юм гэж Мексик, Америкийн эрдэмтдийн явуулсан судалгаанд дурджээ. 


Эрдэмтэд ховордсон амьтдын мэдээллүүдэд дүн шинжилгээ хийснийхээ дараа 515 төрөл зүйлийн хөхтөн амьтан, шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан амьтдын хувь заяа дээсэн дөрөөн дээр тогтож байгаа болохыг тогтоожээ. Энэ нь эдгээр төрөл зүйлээс мянга хүрэхгүй амьтан онгон байгальд үлдсэн гэсэн үг аж.


Биологийн төрөл зүйл олноороо устах эхний үйл явц 560 сая орчим жилийн өмнө болсон бол сүүлийнх нь буюу тав дахь нь 66 сая жилийн өмнө болсон бөгөөд хамгийн түгээмэл онолын дагуу дэлхий дээр солир унасны улмаас үлэг гүрвэлүүд мөхсөн гэж үздэг.


Хэрэв түүхийн өмнөх шим мандлын хямрал нь байгалийн гамшигт үзэгдлээс үүдэлтэй байсан бол одоогийнх нь үндсэндээ хүний ​​үйл ажиллагаатай, юуны өмнө  ой модыг устгах, хулгайн антай холбоотой байна.


“Бид мөхлийн зургаа дахь үе шатандаа орсон. Энэ нь маш ноцтой хямрал болохыг бидний явуулсан судалгаа, ажиглалт харуулж байгаа бөгөөд ирэх 10-50 жилийн хугацаан дахь бидний үйлдлүүд хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлно” гэж судалгааг явуулсан эрдэмтдийн нэг болох Мексикийн Үндэсний их сургуулийн профессор Херардо Себальос ярьжээ.


Ямар амьтдад аюул нүүрлэж байна вэ?

Херардо Себальос болон Америкийн Стэнфордын их сургуулийн профессор Пол Эррих, Миссури муж улсын Сент-Луис хотын Ботаникийн цэцэрлэгийн доктор Питер Равен нар Байгаль хамгаалах олон улсын холбоо /International Union for the Conservation of Nature /, “Шувууны амьдрал” /Birdlife/ сангийн мэдээллүүдийг ерөнхийлөн дүгнэсэн байна. Эрдэмтдийн судалгааны үр дүнг Америкийн “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтэлжээ.


Эрдэмтэд амьтны аймгийн төрөл зүйлийн устах явц байгалийнхаас зуу дахин их байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Устаж үгүй болж байгаа төрөл зүйлүүд Антарктидаас бусад бүх тивд амьдардаг боловч ихэнхдээ халуун орны болон халуун бүсийн нутгуудад амьдардаг ажээ.


Дараах амьтад устаж үгүй болох аюулд оржээ:


Бразилын ширэнгэн ойд амьдардаг алтан тамарин сармагчин



Этиопын шакал буюу давжаа чоно (каберу)



Гангийн гавиал (Энэтхэгт болон тус улстай хөрш зарим орнуудад амьдардаг матар)



Колумб болон хөрш зэргэлдээ орнуудад амьдардаг хар, ногоон хортой мэлхий



Түүнчлэн Явагийн хирс, харцага шувууны бүлд хамаардаг Испани хар бүргэд, Өмнөд Америкийн шар чихт тоть мөхлийн ирмэгт тулжээ.


Эрдэмтэд биологийн олон янз байдал үгүй болж байгааг уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдолтой адил хүн төрөлхтний соёл иргэншилд учирч буй ноцтой аюул занал гэж үзэж байна. Эдгээр үзэгдлүүд бүгд хоорондоо холбоотой аж. Ховордсон амьтдыг хамгаалах нь хүн төрөлхтний ёс суртахууны үүрэг гэж эрдэмтэд үзэж байна.


“Судалгааг явуулсан эрдэмтэд биологийн төрөл зүйлийг хадгалж үлдэх асуудалд уур амьсгалын өөрчлөлтөөс илүүтэй анхаарал хандуулах ёстой хэмээн үзэж буйтай би санал нэг байна” гэж Австралийн Квинслендийн их сургуулийн профессор Диана Фишер ярьж байна.


Түүний хэлснээр, онгон зэрлэг байгалийн томоохон хэсэг үүрд устаж болзошгүй гэдгийг маш олон хүн зүгээр л мэддэггүй.


Тасманийн их сургуулийн профессор Крис Жонсон 66 сая жилийн өмнө үлэг гүрвэл устаж үгүй ​​болсноос хойш дэлхий дээр ийм зүйл тохиолдоогүй гэж үзэж байна. "Амьтны амьдрах орчныг сүйтгэх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг үйл явцын улмаас өнөө үед дэлхий дээрх биологийн төрөл зүйлд учирч буй аюул занал хурдацтай нэмэгдэж байна" гэж тэрбээр ярилаа. 


"Энэхүү судалгаа нь бидний сүйтгэж байгаа амьдралын цар хүрээ, явц нь хэр том болохыг харуулж байна" гэж Австралийн Дэйкиний их сургуулийн профессор Иайн Ричи хэллээ.


Холбоотой мэдээ