Зэсийн хомсдол үүсэх үед "Оюутолгой"-н далд уурхай олборлолтоо хийж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-09 13:12:39

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Зэсийн зах зээл хомсдолд орсон үед буюу дөрвөн жилийн дараа гэхэд олборлолтоо нэмэгдүүлнэ гэж “Оюутолгой” ордын 5.3 тэрбум долларын далд уурхайн бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанийн дэд гүйцэтгэх захирал мэдэгдэв.

Эдийн засгийн орчин эмзэг байгаагийн улмаас зэс, алтны “Оюутолгой” ордыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийх нь ихээхэн зориг шаардсан хэрэг байлаа гэж Жан-Себастьян Жак бямба гарагт Монголд болсон арга хэмжээний үеэр мэдэгджээ. Дэлхийн хэмжээнд цэвэршүүлсэн зэсийн нийлүүлэлт эрэлтээс нэлээд даваад байгаа нь зэсийн зах зээлд дарамт үүсгэж, 2016 онд  хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан уурхайг өргөтгөх хэд хэдэн төслийн явцад саад болсон гэж “Bloomberg” мэдээлсэн байна.

Зэсийн эрэлт урт хугацаанд өндөр хэвээр байх бөгөөд зэсийн зах зээл хомсдол бий болох үед “Оюутолгой” ордын далд уурхайд олборлолт эхэлнэ хэмээн “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолшийн халааг ирэх долдугаар сард авах гэж буй ноён Жан-Себастьян Жак ярьж байна.

Далд уурхай байгуулах ажил энэ оны дунд үеэс эхлэх бол олборлолт 2020 оноос эхэлнэ гэж “Рио Тинто” өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. 2027 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үедээ “Оюутолгой” уурхайгаас жилд 500 мянган тонн зэс олборлох ажээ.

Зэсийн эрэлт ирэх онд нийлүүлэлттэйгээ тэнцэж, улмаар шинээр ашиглалтад орох уурхай цөөхөн байх учраас зах зээлд хомсдол үүснэ гэсэн дүгнэлтийг “Freeport-McMoRan” компани хийсэн байна. Харин “Wood Mackenzie” компанийн хийсэн тооцоогоор,  БНХАУ-ын хилээс 80 км зайд орших “Оюутолгой” орд нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр дэлхийн гуравдах том орд болох юм. 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ