Эрчмийн 60 айлыг инженерийн шугамд холбож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-03 12:13:20

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Чогсомжавын санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрчмийн 60 айл”-ыг инженерийн шугам сүлжээнд холбох ажил үргэлжилж байна. 

Улс, орон нутгийн төсвийн 950 сая төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг ажил ирэх зургадугаар сарын дундуур дуусах аж. 

Ц.Чогсомжав, “Эрчмийн 60 айл”-ыг цэвэр, бохир ус, дулааны шугамд холбох ажлын зураг төслийг 2018 онд хийлгэж, орон нутгийн хөгжлийн сангийн 150 сая төгрөгийн санхүүжилтээр уг ажлыг эхлүүлсэн. 2019 онд улсын төсвийн 800 сая төгрөгийн санхүүжилтээр энэхүү ажлыг дуусгах шатанд оруулж байна. Эрчмийн байранд 1970-аад оноос иргэд суурьшиж байшин, барилга шигүү барьсан. Тиймээс иргэд өөрсдийн ая тухыг бүрдүүлсэн орчин цогцлоох нь бүү хэл нүхэн жорлон ухах газаргүй болсон. Үүнээс үүдэж зун таагүй үнэр үнэртэж, бохирын асуудлыг шийдэх талаар иргэд жилээс жилд хандсаар ирсэн. 2016 онд ИХ-ын төлөөлөгчөөр сонгогдоход иргэд дулаан, бохирын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн. Энэ асуудлыг шийдвэрлэж, ажил болгох юмсан гэж анх дэс дараатай хийж эхэлсэн бол одоо дуусах шатандаа явж байна. Эрчмийн 60 айл инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор эндхийн газар зах зээлд эрэлт хэрэгцээтэй болохоос гадна, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм. 60 айл гэж байгаа боловч хүчин чадлын хувьд 820 метр бүхий 5-3 шугамтай, 100 гаруй айлыг халуун, дулаанаар хангах боломжтой. Дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын нэг гэж болно” гэв.

Нэг өрх уг шугам сүлжээнд холбогдохдоо зах зээлийн үнэ болон хол ойроос хамаарч өртөг нь тооцогдох аж. Халаалтыг “Хэнтий ус” компани хариуцах бөгөөд хүчин чадлыг нь сайжруулах үүднээс орон нутгийн хөгжлийн сангийн 80 сая төгрөгөөр халаалтын тогоог өргөтгөж, нэмж насос суурилуулжээ. Уг ажлын гүйцэтгэгчээр 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй “Цагаан зуун” компани ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ