Баянхошууны иргэд төрийн үйлчилгээг дэргэдээсээ авч эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-28 17:48:27
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төвийг өнөөдөр нээлээ.


Ингэснээр Баянхошуу орчмын иргэд төрийн үйлчилгээг дэргэдээсээ авах, нийгмийн дэд бүтцээр хангагдсан орчинд сурч боловсрох, бизнес эрхлэгчид хөдөлмөр эрхлэх орчин нөхцөлөөр хангагдаж байна. 



Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: “Улаанбаатар хотын гэр хорооллын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдэж байна. Учир нь гэр хорооллын иргэд маань амьдарч байгаа орчноосоо төрийн үйлчилгээг авах, нийгмийн дэд бүтцээр хангагдсан орчин нөхцөлд сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, залуучуудын хөгжлийг дэмжсэн бизнес инкубатор төвтэй, гэр бүлийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гээд олон боломжийг бүрдүүлсэн төв өнөөдөр үүд хаалгаа нээлээ. 1980-аад оноос хойш хийгдээгүй том дэд бүтцийн хувьсгал, бүтээн байгуулалтын өөрчлөлт Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа дэд төвүүдэд өрнөж байна. Цаашлаад Шар хад, Баянзүрхэд хийгдэнэ. Гэр хороололд хотын төлөөс ялгарахгүй орчин нөхцөл бүрдэж эхэллээ. Та бидний хамтдаа хэрэгжүүлж байгаа энэ ажил өнөөдөр бодит үр дүнгээ өгч байгаад баяртай байна” хэмээв.



Нийслэл  хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй байлгаж, төвлөрлийг бууруулах үүднээс зургаан дэд төв байгуулахаар “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Баянхошуу, Толгойт, Сэлбэ, Дамбадаржаа, Шар хад, Баянзүрх орчмыг бүсийн чанартай төв болгон хөгжүүлж, нэг төвтэй хотоос олон төвтэй хот болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийг гурван үе шаттайгаар 9 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.


Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвд 50 гаруй нийгмийн барилга байгууламж болон инженерийн дэд бүтцийн ажлыг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон Улаанбаатар хотын хамтарсан 115 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Энэ ажлын үр дүнд Сонгинохайрхан дүүргийн 3600 өрх инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангагдахаас гадна тус дэд төвийн цэцэрлэгийн насны нийт хүүхдүүдийн 63.49 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болох аж. 


Одоогоор Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд 3,45 км 700 мм шугамын өргөтгөлийн ажил, 6.3 км ариутгах татуургын коллектор шугам, 4.8км үерийн хамгаалалтын суваг, 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөөд байна.




Б.Содгэрэл

Холбоотой мэдээ