Цар тахлын үед бизнесээ оновчтой удирдах гарц шийдлийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136@gmail.com
2020-05-28 12:23:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХААН Банкны Жижиг, дунд бизнесийг дэмжих төв Европын холбоо, Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) болон Монголын менежментийн зөвлөхүүдийн институттэй (ММЗИ) хамтран “Business to Business” үйл ажиллагааг энэ сарын 26-нд зургаа дахь жилдээ зохион байгууллаа.

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад буй энэ цаг үед харилцагчдынхаа бизнесийг бодитоор дэмжих, зөв менежментээр авч явахад нь туслах, эрсдэлийг даван туулах гарц санал болгох, зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг таниулж ойлгуулах зорилгоор энэ удаа “Сорилтыг хамтын хүчээр” нэрийн дор онлайнаар вебинар хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой.

Business to Business” вебинарыг нээж ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Лауренцю Христеа, ЕСБХБ-ны ЖДБ-ийн Санхүүжилт, хөгжлийн бүсийн асуудал хариуцсан захирал Надя Петкова нар үг хэлэв.

ММЗИ-ийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, НҮБ-ын статустай дотоодын шилдэг ментор, зөвлөхүүд Европын холбоо, ЕСБХБ-ны төлөөлөгчид бизнесүүдийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд, тэтгэлэг болон бусад боломжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн юм.


Харин илтгэгчид стратегийн болон санхүүгийн удирдлага, мөн процессийн удирдлага гэсэн үндсэн гурван чиглэлээр “Ковид-19” цар тахлын үед бизнесээ тасралтгүй авч явах шийдэл гарц, төлөвлөлт, мөнгөн урсгалын зөв менежментэд чиглүүлэхийн зэрэгцээ бизнесээ удирдахад санхүүгийн зөвлөх үйлчилгээ ямар ач холбогдолтойг онцлов. B2B вебинарт давхардсан тоогоор томоохон 80 орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн төлөөлөл онлайнаар холбогдон оролцож, илтгэгч, панелистуудаас сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

 

“Ошми” группийн гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар, “Ямарваа нэг аюул, гамшгийн дараа бизнесийн 65 хувь нь дампуурдаг шалтгаан нь тасралтгүй байдлаа хангасан, хурдан шуурхай, үр дүнтэй хариу үйлдэл гаргаж, удирдлагын уян хатан тогтолцоо бүрдүүлж чадаагүйд оршиж байна” хэмээв.


Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулагч ЕСБХБ нь хөгжиж буй орнуудын жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулахад тусалдаг бөгөөд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг менежментийн зөвлөх үйлчилгээнд 50-65 хүртэлх хувийн хөнгөлөлттэй хамруулж, зардлыг нь Европын холбооноос санхүүжүүлдэг байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус банкнаас зөвлөх үйлчилгээ авсан бизнес эрхлэгчдийн 40 хувь нь санхүүжилт авснаас тус үйлчилгээний ач холбогдол харагдаж буй.


Ташрамд дурдахад, ХААН Банк ЖДБ-ийг дэмжих төвөөрөө дамжуулан жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн дэмжлэгээс гадна бизнесээ дараагийн шатанд гаргах менежментийн арга барил, стратеги төлөвлөлтийн ур чадвар олгох, харилцагчдаа чадавхжуулах зорилготой хөтөлбөр, сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна.

ЖДБ-ийг дэмжих төвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын хүсвэл smesc@khanbank.com хаягаар болон 75153333-4285 дугаарын утсаар холбогдох боломжтой.

                 Таны ирээдүйн ЗОРИЛГО бизнесийн амжилтын төлөө.

                    ХААН Бизнес үйлчилгээ

Холбоотой мэдээ