Ким Жөн Ун: Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхээс сэргийлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-08 12:38:50

ПХЕНЬЯН. /NHK/. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын чуулганы үеэр удирдагч Ким Жөн Уны хийсэн мэдэгдлийн тухай “KCNA” агентлаг өнөө өглөө мэдээллээ.

Дайсагнасан, цөмийн зэвсэгтэй бусад орнууд БНАСАУ-ын эрхийг зөрчихгүй бол бид цөмийн зэвсэгтэй орны үүрэг хариуцлагыг хүлээж, ийм төрлийн зэвсэг ашиглахгүй гэж Ким Жөн Ун мэдэгджээ.

Мөн тэрбээр, “бид олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх болно. Дэлхийг цөмийн зэвсэггүй болгохын төлөө Умард Солонгос ажиллах болно” гэж мэдэгджээ.

Тэрбээр 2012 онд удирдагч болсноосоо хойш анх удаа цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай дурдлаа.

Үүнээс гадна тэрбээр Умард болон Өмнөд Солонгосын харилцаатай холбогдуулан холбооны системийн дагуу нэгдэхийг уриалсан байна. Энэ санаачилгыг түүний өвөө Ким Ир Сен өмнөх чуулганы үеэр гаргаж байжээ.

Харин Япон, Умард Солонгосын харилцаатай холбогдуулан тэрбээр, Япон Солонгос иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө уучлалт гуйх ёстой бөгөөд бидний нэгдэх үйл явцад Япон хөндлөнгөөс саад учруулах ёсгүй гэж мэдэгджээ.

Тэрбээр Умард Солонгосын тусгай ажилтнууд япончуудыг хулгайлсан тухай асуудлыг дурдаагүй байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ