П.Баасанхүү: Нэхмэл гутал хийхдээ утасны чанга, сул байдлыг тохируулах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-26 14:16:58

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн иргэн П.Баасанхүү 2018 оноос эхлэн нэхмэл гутал хийж, борлуулж байна.

Тэрбээр сувилагч мэргэжилтэй. 1970 оноос эхлэн тор, бээлий, оймс, гутал нэхэх зэргээр сүлжмэл бүтээгдэхүүн урлах аргад суралцаж, өөрийгөө хөгжүүлж иржээ.

Үүнтэй холбогдуулан нэхмэл гутлын онцлог, анхаарах зарим зүйлсийн тухай сурвалжиллаа. 

Иргэн П.Баасанхүү хэлэхдээ:  Нэхмэл гутал хийхэд  ул, хоншоор, өлмий, өсгий, түрий гаргах гэх мэт шат дараалалтай. Гутлын  ул, метр, шөвөг, нэхмэлийн зүү, хайч, утасны үзүүр бэхлэгч зэрэг багаж ашигладаг гэв.

Мөн анхлан суралцагч иргэд зүүгээ зөв барих дадлага сургууль хийсний дараа гутал нэхэх нь зүйтэй. Ингэхдээ гараа зүүгээр хатгах, гэмтээхээс болгоомжлоорой гэж зөвлөсөн юм.  

Түүнчлэн нэхмэл гутал хийхдээ тоог алдахгүй зөв тоолох, утасныхаа чанга, сул байдлыг тохируулах нь хамгийн чухал. Утсыг хэтэрхий чанга татахад  ул хумигдана. Жишээлбэл, 38 размер бүхий гутал нэхэхдээ утсыг хэтэрхий чанга татсанаар 36-37 размертэй жижиг болно. Харин утсыг хэт сул барьж нэхсэнээр бүтээгдэхүүний чанарт сөрөг нөлөө үзүүлдэг. Мөн гутлын хэлбэр алдагдах эрсдэлтэй. Иймд утсыг нэгэн жигд татаж нэхэх ёстой гэж тэрбээр анхаарууллаа.  

Богино түрийтэй нэхмэл гутал хийхэд 20 мянган төгрөгийн үнэ бүхий материал ордог. Харин хүүхдийн гутал хийхэд 10 мянган төгрөгийн материал ашигладаг гэнэ.

Улмаар хүүхдийн гутал 15 мянга, том хүний түрийгүй гутлыг 30 мянган төгрөгөөр худалдаалж байна. Мөн богино түрийтэй гутлыг  45 мянга,  урт түрийтэй гутлыг 60 мянган төгрөгөөр тус тус борлуулдаг. Иргэн П.Баасанхүүгийн хувьд өөрийн гараар нэхсэн гутлаа “Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төв дээр зардаг. Мөн гар утсаар захиалга авах замаар нэхмэл гутал хийж байна.

Зарим тохиолдолд нэхмэл гутал хийхдээ бэлэн ул ашиглахгүй, ноосон утсаар ул хийх боломжтой. Ийм гутал нь бага насны хүүхэд өмсөхөд тохиромжтой байдаг аж.

Тэрбээр богино түрийтэй гутал хийхэд 2-3 өдрийн хугацаа шаардлагатай. Харин урт түрийтэй гутлыг 7 хоногийн хугацаанд хийдэг. Хүүхдийн гутлыг нэг өдрийн хугацаанд нэхэх боломжтой гэв.

Мөн зарим хүмүүс  нэхмэл гутлыг “амьсгалдаг гутал” гэж нэрлэдэг бөгөөд хөнгөн, ус чийг татахгүй, угааж арчлахад хялбар зэрэг нэлээд давуу талтай. Зах зээлд гутлын ул, утасны өнгө, материалын өргөн сонголт бий. Тэгэхээр хямд төсвөөр чанартай гутал хийж өмсөх боломж нээлттэй байна гэж иргэн П.Баасанхүү ярьж байлаа.  

Тэрбээр гутал нэхэхдээ хонин холбоо, давхарлах эгнээ, тохолттой багана зэрэг хэд хэдэн арга ашигладаг. Ингэхдээ хээ, элдэв чимэглэлийг нэхмэл гуталд шингээж байгаагаараа онцлогтой аж.

Мөн тэрбээр 3-4 хүнд гутал нэхэх аргачлалыг зааж, өрхийн нэмэлт орлого олох боломж бүрдүүлжээ. Одоогоор Ховд аймгийн ХХҮГ-тай хамтран Нэхмэл гутал хийх аргачлал” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Нэхмэл гутал хийхэд цаг хугацаа, тэсвэр тэвчээр, мэдрэмж, шинэлэг байдал чухал хэмээн тэрбээр онцоллоо. 

Холбоотой мэдээ