Дубай хотод бизнесийн үйл ажиллагааг сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-26 10:56:24

КАИР. /Риа Новости/. АНЭУ-ын Дубай хотод энэ сарын 27-ноос эхлэн бизнесийн үйл ажиллагааг сэргээнэ хэмээн Дубайн угсаа залгамжлах хунтайж Хамдан бен Рашид Аль Мактум мэдэгджээ.


“Дубай хотод бизнесийн үйл ажиллагааг лхагва гаргаас сэргээж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дагаж мөрдөх нөхцөлтэйгээр кинотеатрууд, спорт заалуудын үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрч байна. Дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний дараа ийм шийдвэр гаргалаа” хэмээн Аль Мактум ярьсан байна.


Олон нийтийн газраар явахдаа иргэд амны хаалтаа зүүсэн байх шаардлагатай бөгөөд хоёр метрийн зай барих дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой аж.


Лхагва гаргаас тус хотод мөн бөөний болон жижиглэн худалдааны дэлгүүрүүд, боловсролын төвүүд, сургалт дамжаа, зугаа цэнгэлийн бусад газар үйл ажиллагаандаа эргэн орох боломжтой аж.


АНЭУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад коронавирусний халдварын нийт 30307 тохиолдол бүртгэгдэж, халдварын хүндрэлийн улмаас 248 хүн нас баржээ. Халдварын тохиолдлыг орон даяар илрүүлэх төлөвлөгөөний хүрээнд нийт 2440493 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан байна. 

Холбоотой мэдээ