М.Карни: Канад, АНУ-ын хэлэлцээрийг 30 хоногт байгуулахыг зорино
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАНАНАСКИС, 2025 оны зургаадугаар сарын 17 /Reuters/. Канадын Ерөнхий сайд Марк Карни АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр улсын хооронд эдийн засаг, аюулгүй байдлын шинэ хэлэлцээрийг 30 хоногийн дотор байгуулах чиглэлд ажиллах асуудлаар тохиролцоонд хүрсэн тухайгаа даваа гарагт мэдэгджээ.
Хоёр тал гэрээ байгуулахаас өмнө хийж гүйцэтгэх шаардлагатай ажил маш их байна гэж Канадын албаныхан хэлснээс хэдхэн цагийн дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Д.Трампын татварын эсрэг тэмцэнэ гэсэн амлалт өгснөөр дөрөвдүгээр сард болсон сонгуульд ялсан М.Карни АНУ-тай эдийн засаг, аюулгүй байдлын шинэ харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа ажээ.
“Ерөнхий сайд Карни болон Ерөнхийлөгч Трамп нар Канад, АНУ-ын эдийн засаг, аюулгүй байдлын шинэ харилцааны талаарх хэлэлцээний үеэр хөндөгдсөн гол асуудлуудын талаар мэдээлэл солилцсон. Улмаар удирдагчид ойрын 30 хоногийн дотор хэлэлцээр байгуулах чиглэлд яриа хэлэлцээг идэвхтэй үргэлжлүүлэхээр тохиролцсон” гэж М.Карнигийн ажлын албанаас мэдэгджээ.