Коронавирусний вакцин гартал Монгол Улс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2020-05-26 10:59:38
twitter.com/Nyamkanmk

УЛААНБААТАР. /Channelnewsasia/. Коронавирусний вакцин гарах хүртэл Монгол Улс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцлахгүй гэж тус улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх мэдэгдэв.


ОХУ болон БНХАУ-ын дунд орших, далайд гарцгүй Монгол Улс гуравдугаар сарын 12-нд дэлхий дахинд коронавирус тархсаны улмаас хилээ хаасан билээ. 


Монголд их дээд сургууль, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сар хүртэл хаах, бага хурал болон олон нийтийн жагсаал цуглаан хийхийг хориглох, 12-оос доош насны хүүхдийг худалдааны төв, ресторанаар дагуулж явахгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авжээ. Үүний зэрэгцээ маскийг байнга зүүхийг зөвлөж байна.


Коронавирусний вакцин гарах хүртэл Монгол Улс хорио цээрийн үеийн дүрмийг баримтлах болно гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн хэдий ч ямар арга хэмжээг цуцлахгүй үлдээх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм. Мөн тэрбээр хилийг хэзээ нээх талаар тодорхой товгүй байгаагаа дурдаад, парламентын сонгууль товлосон ёсоор ирэх сарын 24-нд болно гэж мэдэгджээ.


Дэлхийн 196 орон, нутаг дэвсгэрт тархаж, 5 сая хүнд халдварлаж, 340 мянга гаруй хүний амийг авч одоод буй коронавурисний вакциныг гарган авахаар дэлхийн өнцөг булан бүрт эрдэмтэд шуурхай ажиллаж байна. Монголын хувьд халдварын 140 тохиолдол бүртгэгдээд байгаагийн дийлэнх нь ОХУ-аас зөөвөрлөгдөн иржээ. 


Монгол Улс тусгай үүргийн онгоцоор иргэдээ авч байгаа хэдий ч олон мянган монгол хилийн чанадад байсаар байна. Харин эх орондоо ирсэн монголчууд 3 долоо хоногийн тусгаарлалт орсны дараа гэртээ харьж байгаа юм.

Холбоотой мэдээ