Хятадын төмс, хүнсний ногоог хориглох бодлого хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 17:12:15

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас тариалалтын цаг ирж буйтай холбогдуулан хийсэн газар тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөний үеэр хятад хүнсний ногооны үнэ хямд байгаа нь хүнсний ногоо тариалах иргэдэд сөргөөр нөлөөлж байгааг онцолж ярилцлаа.

Орон нутгийн үйлдвэрлэгчид өнөөдрийн байдлаар Мөрөн сумын иргэдийн хүнсний ногооны 40 орчим хувийг хангаж байгаа юм.

Хөвсгөл аймагт 2004-2015 он хүртэл Монгол төмс хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүнд газар тариалан эрхлэгчид Мөрөн сумын иргэдийнхээ төмсний хэрэглээг 100 хувь хангадаг болжээ. Харин энэ оноос Монгол төмс хөтөлбөрийн суурин дээр Хүнсний ногоо хөтөлбөр хэрэгжиж эхлэх гэнэ. Аймаг орон нутгийн удирдлагууд гадны аймгийн болон Хятад улсын хүнсний ногоог орон нутагт оруулахгүй, худалдаалахгүй бодлого барьж чадвал газар тариалан эрхлэгчид хүнсний ногоо тариалах ургуулах чиглэлд түлхүү анхаарч ажиллах боломжтой гэнэ.

Мөн зөвлөлгөөний үеэр газар тариалан эрхлэгчид 2016 онд ямар төрлийн таримлыг ямар технологоор тарих нь зөв вэ ? гэдэг тал дээр зөвлөлдөн ярилцсан нь цаг үеэ олсон үр дүнтэй зөвлөлгөөн боллоо гэдгийг оролцогчид хэлж байлаа.

Тус сумын хэмжээнд өнгөрсөн жил 86 га-д төмс хүнсний ногоо тариалсан бол энэ хавар 90 орчим га-д тариалах гэнэ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ