Аль-Багдадигийн залгамжлагч байж магадгүй террористыг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-05-21 13:09:10

МОСКВА. /RIA Novosti/. Террорист “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч асан Абу Бакра аль-Багдадигийн залгамжлагч байж магадгүй Абдалла Кардаш гэгч террористыг Иракийн үндэсний тагнуулын газрынхан лхагва гарагт баривчилжээ.


Кардаш 2011 онд аль-Багдадитай танилцсан байна. Хожим нь тэрбээр Сирид байсан бөгөөд “химийн зэвсэг үйлдвэрлэх ажил хийдэг” байснаас гадна “Лалын улс” бүлэглэлд хэд хэдэн өндөр албан тушаал хашдаг байжээ. Иракийн аюулгүй байдлын байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлснээр, Кардаш мөн тус улсын цэргүүд рүү халдахад ашигладаг байсан итрип буюу "гичийн хий" үйлдвэрлэх ажлыг хариуцаж, “Лалын улс” болон бусад террорист бүлгүүдийн хооронд хэлэлцээ хийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байсан байна.


Хэвлэлүүд “Лалын улс”-ын “шинэ толгойлогчоор” Абдулла Кардашийг нэрлэж байсан юм. Тус бүлэглэлийг үүсгэн байгуулагчдын нэг болох Амир Мухаммед Абдул Рахман аль-Мауля аль-Сальби шинэ толгойлогч болсон гэж “Guardian” сонин мэдээлж байв. Тус сонинд тагнуулын хоёр байгууллага дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан бичснээр, Иракаас гаралтай Амир аль-Сальби 2019 оны 10 дугаар сард өмнөх толгойлогч аль-Багдадиг устгаснаас хэдхэн цагийн дараа “Лалын улс”-ын толгойлогч болжээ. Амир аль-Сальби нь Хажи Абдалла, Абдалла Кардаш гэдэг нэрээрээ зартай байна.


“Лалын улс”-ын толгойлогч аль-Багдадиг Сирийн Идлиб мужид явуулсан тусгай ажиллагааны үеэр устгасан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны 10 дугаар сард мэдэгдсэн билээ. Тэрбээр аль-Багдадиг устгахад туслалцаа үзүүлсэнд ОХУ, Турк, Сири болон Ирак улсад талархаж буйгаа илэрхийлсэн. Толгойлогч нь амиа алдсаныг “Лалын улс” бүлэглэл нотолсон талаар лалын шашинтнуудтай холбоотой нэгэн цахим хуудас мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ