Сурагчид долоо хоногт 10-аас доошгүй цагийн давтлагад хамрагдах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-21 18:38:05

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Ерөнхий боловсролын 17 сургуулийн 12-р ангийн 740 сурагч, өмнөх оны 50 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. БСШУС-ын сайдын тушаал, аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-ын чиглэлээр давтлага сургалтыг энэ сарын 4-нөөс ирэх сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулан өгч байна.

Увс аймгийн хувьд боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрөөс санхүүжүүлэн аймгийн төвийн 6 сургуулийн 12-р ангийн 440 сурагч, 60 гаруй багш нарт нэг сарын хугацаанд өдөр бүр үдийн хоол өгч, мэргэжлийн багш шаардлагатай 8 суманд 11 зөвлөх багшийг нэг сарын хугацаатай ажиллуулж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын НБХ-ээс Наранбулаг суманд ажиллаж, төгсөгчдийн ЭЕШ-ын бэлтгэл, явц, үр дүнтэй танилцсан байна. 

Тус сумын сургуульд ЭЕШ-д бүртгүүлсэн 21 сурагч суралцаж байгаа бөгөөд "Багш солилцоо хөтөлбөр"-ийн хүрээнд ЭЕШ-ын амжилтыг ахиулах зорилгоор Улаангом сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн химийн багш Г.Намуунсарнай, Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн физикийн багш Ч.Жавзмаа нар туршлага солилцон ажиллаж байна.

Сурагчид өөрийн сонгосон хичээлээр 7 хоногт 10-аас доошгүй цагийн давтлагад хамрагдах боломжтой бөгөөд хичээл сургалтын үйл ажиллагаа зогссон энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлээ базаахад энэхүү үйл ажиллагаа нь томоохон дэмжлэг болж буйг багш, сурагчид илэрхийлж байв.

 

Холбоотой мэдээ