“Манай гэр бүлийн шилдэг дүрэм” цахим уралдаан дүнгээ гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-05-20 09:34:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулсан “Манай гэр бүлийн шилдэг дүрэм” цахим уралдаан дүнгээ гаргажээ. 


Гэр бүлийн гишүүдэд зөв дадал хэвшлийг бий болгох, гэр бүлдээ баримталдаг зөв дадал хэвшлийг бусдад түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой уг уралдаанд тус аймгийн 20 гаруй хүүхэд гэр бүлийн гишүүдийн хамт идэвхтэй оролцсон байна. Уралдааны нэгдүгээр байрт Халиун сумын ерөнхий боловсролын сургуулийн 4а ангийн сурагч С.Энхмэнд, хоёрдугаар байрт Есөнбулаг сумын “Хантайшир-Эрдэм цогцолбор” сургуулийн 2а ангийн сурагч Д.Ариунжаргал, гуравдугаар байрт Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн 6а ангийн сурагч О.Цолмонтуяа, тусгай байрт Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн 5в ангийн сурагч Т.Анужин, хоёрдугаар сургуулийн 5В ангийн сурагч М.Тамираа нар шалгарчээ. 

Уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийн шагналыг зургаадугаар сарын 01-ний өдөр гардуулах бөгөөд бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүрт гарын бэлэг өгнө хэмээн Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ